Манай улсын санхүүгийн зах зээлийг доголон бүтэцтэй гэж ярьсаар улиг болов. Тэгвэл энэ зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк хамтран төсөл боловсруулж дуусгажээ.
Өдгөө Монгол Улсын санхүүгийн зах зээлд (СЗЗ) үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банк, даатгалын 17 компани, 81.442 ББСБ, 254 хадгаламж зээлийн хоршоо бий ч тус зах зээлийн нийт активын 90 гаруй хувь нь банкуудад ногдож буй. Зарим мэргэжилтэн дээрх хувийг 95 гэх нь ч бий.
Өнгөрсөн жилүүдэд санхүүгийн зах зээлийн харилцааг тухайн салбарын хүрээний төрийн бодлого, тусгайлсан хууль тогтоомжоор зохицуулж иржээ. Тэгвэл аль нэг байгууллагыг давхар шалгах, эсвэл огт шалгахгүй байх тохиолдол гардгийг ч мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын банкнаас бусад СЗЗ-ийн хяналт, зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо дангаар хэрэгжүүлж буй. Гэтэл тус салбарын хамрах хүрээ өргөн, зохицуулалттай байгууллага, этгээдийн тоо олон ч СЗХ-ны боловсон хүчний нөөц дутагдалтайгаас шалтгаалан үр өгөөжтэй хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Ч.Энхбаяр хэлж байв.
2001 онд Засгийн газраас санхүүгийн салбарын шинэчлэлийн дунд хугацааны үзэл баримтлалыг баталсан байдаг. Хэдийгээр энэ нь тус салбарын бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх чиглэлд тодорхой үр дүн өгсөн ч төсөв, татвар, мөнгөний бодлогын уялдаа, банкнаас бусад санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх буюу хөрөнгийн зах зээл, даатгалын үйлчилгээг сайжруулах зэрэг бусад зорилтын хэрэгжилт төдийлөн хангалтгүй байгаа нь Дэлхийн банк, ЖАЙКА төслийн шинжээчдийн судалгаанаас харагджээ.
Энэ байдлыг өөрчлөн, Төвбанк СЗЗ-ийн өсөлтийг дэмжсэн, хөрөнгө оруулагчдад таатай хүү, ханшийн бодлого баримтлах, цаашилбал бүс нутагтаа өрсөлдөхүйц санхүүгийн төв болох болон бусад зорилтыг Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт “шигтгэжээ”.
Манай улсад санхүүгийн гэх тодотголтой цогц хөтөлбөр байдаггүй. Энэхүү хөтөлбөрийн ач холбогдлын талаар СЗХ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Авираас тодруулахад, “Санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдад таатай, төсөв, мөнгөний харилцан уялдаатай, инфляцыг нам тогтвортой байлгах нөхцөл бүрдүүлсэн макро эдийн засгийн болон ханшийн бодлогыг үргэлжлүүлж, гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах тогтолцоо бий болгоно. Мөн эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоонд шилжих юм” гэв.
Дэлхийд санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгийн урсгал даяарчлагдан, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг тухайн улсын нэг байгууллага, салбарын хэмжээнд үнэлэх, зохицуулах боломжгүй болтлоо хавтгайрчихсан байгаа.
Тиймээс системийг бүхэлд нь харилцан уялдаатайгаар зохицуулж, зах зээлд оролцогч бүх талыг хамарсан, үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, зохицуулалттай болгохоор дээрх хөтөлбөрийг боловсруулжээ.
Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн харилцан уялдааг ханган, урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгох, СЗЗ-ийн өрсөлдөх чадварыг “вакцинжуулах”-д дээрх хөтөлбөр ач холбогдолтой аж.
Хэрэв дээрх хөтөлбөрийн төсөл батлагдвал Сангийн болон мөнгөний бодлого, татварын хөшүүрэг, СЗЗ-д гадаадын хөрөнгө оруулалтыг татах, санхүүгийн нээлттэй систем гээд цогц хөгжлийг нь дэмжсэн макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх юм билээ.
Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт хэд хэдэн зорилт тусгажээ. Тэдгээр нь эдийн засагт гүйцэтгэх санхүүгийн салбарын үүргийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангах урт хугацааны санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, бодит эдийн засагт үр ашигтайгаар хөрөнгө оруулалт хийх чадавхтай зах зээлийг хөгжүүлэх, хүртээмж, өрсөлдөх чадварыг нь сайжруулах юм байна.
Хөтөлбөр гурван үе шаттай байх агаад 2016-2017 оныг хөгжлийн эхний шат, 2018-2020 онд төлөвшсөн зах зээл бүрдэж, 2021-2025 онд бүс нутгийн санхүүгийн төв болж хөгжихөөр тусгасан байна.
Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг улсын төсвийн хөрөнгөөс гадна гадаад, дотоодын хандив, тусламж, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх гэнэ.
Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг “Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайлан”-д манай улс өрсөлдөх чадвараар 140 орноос 104 дүгээрт жагссан. СЗЗ-ийн хөгжлийн үзүүлэлт 3.0 болсон нь өмнөх жилээсээ даруй зургаан байраар ухарч 125 дугаарт бичигдсэн үнэлгээ байв.
Монголын хөрөнгийн бирж ч дэлхийн хамгийн бага зах зээлийн үнэлгээтэй гэгдэж буй. Тэгвэл дээрх хөтөлбөрийг үр дүнтэй байлгахын тулд хийх ажил олон байж таарна. Хөтөлбөрийн төсөлд бичсэнээр богино, дунд, урт хугацаанд хэд хэдэн чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.
СЗЗ-ийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Санхүүгийн чөлөөт бүсийн, Хөрөнгө оруулагчийг хамгаалах сангийн, Хувьцаат компанийн тухай хуулийг шинээр, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай (Санхүүгийн үйл ажиллагааны тухай) хуулийн шинэчилсэн найруулгыг батлан, 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай аж.
Итгэл даах хөрөнгийн зах зээлтэй болохын тулд нээлттэй компани болох, нийтэд арилжих үнэт цаас гаргах ажиллагаанд тавих шаардлага, нөхцөлийг олон улсын стандарт, дотоодын компаниуд бүртгэгдсэн улсын биржийн шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгож, зохицуулалтын үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээг тэдгээрийн үйл ажиллагаанд дарамт болохооргүй түвшинд байлгах, хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтын бодлогыг эхний гурван жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэнэ.
Дотоодын хувьцааны захыг сэргээн, бондын захыг идэвхжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасныг онцлууштай. Үүнээс гадна гадаадын биржүүдэд бүртгэлтэй Монголын уул уурхайн компаниуд болон дотоодын төрийн болон хувийн өмчлөлийн аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн зах зээлд оролцох эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлэх бодлоготой болгох нь хөтөлбөрийн нэг зорилт юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон тулгуурт СЗЗ үүсэж, ил тод, шударга, үр ашиг бүхий нөөцийн оновчтой хуваарилалтын тогтолцоо бүрэлдэх боломжтой гэж үзэж буй.
Тухайлбал, санхүүгийн салбарын тогтолцоо нь хуримтлалыг үр ашигтай хөрөнгө оруулалтад байршуулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чадвартай иж бүрэн, тэнцвэртэй бүтцэд шилжих гэнэ.
Бас мөнгөний зах, үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын хөгжлийн үзүүлэлтүүд сайжирснаар хөгжиж буй эдийн засагтай орнуудын дундаж түвшинд хүрч, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн үйлчилгээний зардал буурснаар хүртээмж сайжирч, орлогын үр ашигтай хуваарилалт бий болгох нөхцөл бүрдэн, нийгмийн дундаж давхарга бэхжиж ядуурал буурах ач холбогдолтой юм байна.
Хөтөлбөрийг шударга, ил тод, нээлттэй өрсөлдөөн бүхий үр ашигтай санхүүгийн зах зээлийн орчныг бүрдүүлэх, СЗЗ-ийн тогтвортой байдлыг хангах, системийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт, зохицуулалтын нэгдмэл бодлогыг хэрэгжүүлж, харилцан уялдаа бүхий хяналт, шалгалтын тогтолцоонд шилжих зэрэг таван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх гэнэ.
Улмаар ДНБ-д эзлэх хувийг өнгөрсөн оны түвшнээс хоёр дахин нэмэгдүүлэх (10 хувь)-ээр зорьжээ. Мөн эдийн засаг дахь санхүүжилтийн зардлыг 2015 оныхоос хоёр дахин бууруулах аж. УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр, өнөөдрийн байдлаар манай улсын ДНБ-ий 4.7 хувийг санхүүгийн салбар эзэлж буй юм байна.
УУЛЗАХ ЦЭГ БУЮУ ТОМ АМБИЙЦ
2025 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилтын нэгээхэн хэсэг нь Улаанбаатарыг санхүүгийн төв болгох юм. Санхүүгийн төв болгоно гэдэг нь гадаадын капиталыг татна гэсэн үг.
Олон улсын томоохон хөрөнгө оруулалтын сан, банк, санхүү, даатгал, аудитын компаниудын салбар, төлөөлөгчийн газруудад татвар, шүүх, зохицуулалтын таатай, тусгай нөхцөл бүрдүүлж гэмээнэ Санхүүгийн чөлөөт бүс байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэх учиртай.
Хятад, орос хоёр хүн ирээд манай улсад гэрээгээ байгуулаад эхэлбэл энд тодорхой хэмжээний харилцаа үүснэ. Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлчихвэл Улаанбаатар хөрөнгө оруулагчдын уулзах цэг болж, монголчууд том амбийцаа биелүүлэх юм.
Үйлчилгээ үзүүлснийхээ хариуд тодорхой хэмжээний шимтгэл авч, улсын нэр хүнд өсвөл ач тус их. Урьдчилан тооцож буйгаар, 2020 оноос өмнө СЗЗ-ийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээ тогтмол дээшлүүлж, хууль, эрх зүй, зохицуулалтын орчноо хөгжсөн орнуудын жишиг, стандартад хүргэх аж.
Санхүүгийн чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг ч боловсруулж дууссан сурагтай. Манай улсад бүс нутгийн хэмжээний олон улсын санхүүгийн төв бий болж, санхүүгийн үйлчилгээний мэдлэг, технологийг нутагшуулан хөрөнгийн урсгалыг татвал тус салбарт хийх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх учиртай.
СЗЗ-ийн бүтэц нь банк төвтэй буюу богино хугацаат, өртөг өндөр санхүүжилтээс хамааралтай байгаа. Санхүүгийн салбарыг “чирч” яваа банкуудыг буруутгах гэсэнгүй. Гэхдээ арилжааны банкуудын хүү хоёр оронтой тоонд байгаа тул аж ахуйн нэгжүүдэд бэрхшээлтэй байдаг.
СЗЗ дэх бусад институц буюу хөрөнгө оруулалтын сан, даатгалын салбар хөгжөөгүйтэй энэ нь холбоотой агаад урт хугацааны, хүүгийн “дарамт” багатай хөрөнгө оруулалт хэрэгтэй нь эндээс харагдана.
Иймээс ч гадаадын хөрөнгө оруулалтын орох сувгийг нэмэгдүүлж, тэдгээрийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтад байршуулах чадавхтай, зохистой бүтэц бүхий санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх шаардлага бий, Монголд.
Тэгвэл барьцаанд суурилсан бус, эдийн засгийн тооцоо судалгаа сайтай төслийн үнэлгээ, оюуны өмч, түүхийг нь үндэслэн зээл олгодог тогтолцоог бий болгохыг хөтөлбөрт багтаажээ.
ЗОХИСТОЙ БҮТЭЦ, САНХҮҮГИЙН ТЭНЦВЭРТЭЙ ЗАХ ЗЭЭЛ
Дэлхийн банкнаас хийсэн 2012 оны судалгаагаар манай улсын хүн амын 30 хувь нь зээлийн хүүгийн талаар ойлголтгүй байхад 60-аас дээш хувь нь инфляц хадгаламжид хэрхэн нөлөөлөх талаар ойлголтгүй байсан тухай Монголбанкны мэргэжилтэн дуулгалаа. Иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл ч хангалтгүй байгаа нь анзаарагджээ.
Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрт олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхээр төлөвлөсөн нь сайшаалтай.
Сүүлийн жилүүдэд санхүү, банкны салбарын өсөлт эрчимжиж, хүн амын дунд банкны харилцах данс, хадгаламж зээлийн үйлчилгээ зэрэг санхүүгийн энгийн бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдсэн, уг нь. Гэхдээ иргэдийн дунд санхүүгийн мэдлэг, бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг байгаа юм.
Зохистой бүтэцтэй зах зээлтэй болохын тулд банкнаас бусад санхүүгийн салбарт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангийн эрх эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалах даатгалын болон тогтворжуулалтын сангийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна лээ.
Санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын хэмнэлт, шинэ техник, технологийг нэвтрүүлэх ажиллагааг урамшуулах, үр ашиггүй, алдагдалтай санхүүгийн байгууллагуудыг томруулах, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх замаар тэдгээрийг нэгтгэх, нийлүүлэх бодлого баримтлах аж.
Ер нь төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг сайжруулахаар зэхжээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ ДААХ СИСТЕМ
БУЮУ “ХАМГААЛАЛТЫН САН”
Өдгөө дотоодын компаниудын хөрөнгө оруулалт бага, МХБ-д бүртгэлтэй компаниуд тайлангаа бүгд ирүүлдэггүй, компанийн засаглал нь бүс нутгийн бусад оронтой харьцуулахад тааруу байгааг судлаачид хэлдэг.
Хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлага болон том хувьцаа эзэмшигчдийн хариуцлагагүйгээс шалтгаалж жижиг хувьцаа эзэмшигчид хохирох, ногдол ашиг хуваарилахгүй байх зэрэг хууль бус үйлдэл гаргуулахгүй тогтолцоо бий болгож, “жижгүүд”-ийг хамгаалах сан байгуулах, санхүүгийн зах зээлийн омбудсменийг ажиллуулах эрх зүйн орчныг бий болгох нь.
Хөрөнгийн зах зээл, даатгалын салбарт итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай нь мэдээж. Итгэл бий болгохын тулд зах зээл шударга өрсөлдөөнтэй байх ёстой. Хэн нэгэн этгээд давуу эрх эдэлж, хүмүүсийг мэхлэх асуудал гарахыг үгүйсгэхгүй.
Хоёрдугаарт, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, эрхийг нь хамгаалах ёстой. Хөрөнгийн зах зээлд оролцогчдын эрхийг хамгаалахад, жишээлбэл, хөрөнгийн зах зээлд луйвар гарлаа гэхэд хамгаалалтын механизм байх хэрэгтэй аж.
Хөрөнгө оруулагч, харилцагч нэг этгээдийн буруугаас хохирол амсвал сан байгуулж, тэндээсээ нөхөн төлбөр олгох хувилбар байж болно хэмээн хэлэлцэж буй гэнэ. Ер нь СЗЗ-д оролцогчдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж буй агаад дээрх төрлийн сан байгуулбал оролцогчдод ямар нэгэн дарамт учруулахгүй аж.
Эхний ээлжинд брокерийн компаниудаас тодорхой хэмжээний шимтгэл авч болно гэж үзэж буй. Яваандаа оролцогчдоос бага буюу төдийлөн мэдэгдэхээргүй шимтгэл (1000 төгрөгийн хувьцаа худалдан авбал нэг төгрөгийн ч юм уу) авч, улмаар “хамгаалалтын сан”-д хадгалбал хөрөнгийг нь хаана байршуулж, хэрхэн арвижуулах талаар ч тусгах юм байна.
Үүнээс гадна юун түрүүнд, хөрөнгө оруулагч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах хууль байх ёстой хэмээн үзэж буй гэсэн.
Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, зохистой хяналт, зохицуулалт бүхий, үр ашигтай, иргэддээ өгөөжтэй, иж бүрэн, тэнцвэртэй санхүүгийн зах зээлийг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх уг хөтөлбөр эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжих учиртай.
Эдийн засгийг чирэгч нь санхүүгийн салбар юм бол түүнийг томруулан, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх нь зайлшгүй чухал юм.
Ц.БОЛОРМАА