Афганистаны Урузган мужид дөрвөн жил үүрэг гүйцэтгэсэн Голландын 1950 цэрэг нутаг буцлаа. “АНУ болон НАТО-гийн цэргийн хүчний командлал дор албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн” гэж тус цэргийн командлагч генерал Петр ван Ум мэдэгдэв. Өнгөрсөн дөрвөн жилд Голландын 24 цэрэг амь үрэгдэж, 140 алба хаагч халдлагад өртөн шархадсан байна. Генерал Петр ван Умын хүү 2008 оны дөрөвдүгээр сард албан үүргээ гүйцэтгэж байгаад бөмбөгөнд өртөн амь эрсэджээ.
Урузганд болсон хэвлэлийн хурал дээр Голландын цэргийн удирдлага “Мужийн хүн амын олонх нь урьдынхаас илүү аюулгүй, эрүүл мэндийн болон боловсролын бүтэц сайтай амьдрах орчинтой болоход манай цэргүүд хувь нэмрээ оруулсан. Манай эх орон цэргүүдийнхээ гүйцэтгэсэн үүргээр бахархаж болох тийм үр дүнд бид хүрч чадсан” гэлээ. Гэхдээ Голландын цэргүүд гарсны дараа нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэдгийг генерал Петр ван Ум хүлээн зөвшөөрсөн байна.
Тус улсын цэргүүдийн үлдээсэн орон зайд үүрэг гүйцэтгэхээр Австрали, АНУ-ын цэрэг өчигдөр Урузганд хүрэлцэн очсон аж. Ирэх жил Канадын цэрэг Афганистаныг орхин гарах төлөвтэй байгаа бөгөөд энэ тохиолдолд байдал улам түвэгтэй болж мэдэхээр байгаа юм. НАТО болон АНУ-ын цэргийн командлал холбоотны цэргүүд Афганистаныг орхин гарч байгаад таагүй хандаж байна. Харин “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч “Манай орныг орхин гарахаар шийдсэнд нь Голландын ард түмэн болоод Засгийн газарт баяр хүргэе.
Бусад нь энэ жишээг дагах хэрэгтэй” хэмээн уриалжээ. Одоогоор АНУ, НАТО-гийн удирдлага дор нийтдээ 145.000 цэрэг үүрэг гүйцэтгэж байгаа ч халдлага дайралт эрс ширүүсэж, холбоотны стратеги хэрэгжих магадлал улам багасаж байна гэж мэргэжилтнүүд мэдэгдэв.
О.ТОГОО