Сүхбаатар дүүргийн XX хорооны иргэн Д.Чулуунбаатар 20 гаруй жил жимсний мод тарьжээ. Тэрбээр уг ажлаа олон нийтэд хүртээмжтэй, тустай болгохын тулд зөвхөн өөрийн хашаанд бус, цөлжиж буй газруудад тарьж өргөжүүлэх санаачилга гаргаж, түүнийхээ дагуу ажиллаж эхэлсэн байна. Эко санаачилгынх нь талаар түүнтэй ярилцлаа.
-Та мод тариад цөөнгүй жил болсон юм байна. Хэдийнээс цөлжилттэй тэмцэх болов?
-Би Зэвсэгт хүчинд алба хааж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Түүнээс хойш 20 гаруй жил мод тарьж байна. Зуслангийнхаа хашаанд тарьсан моднууд маань өдгөө төгөл болон үржээд байгаа.
Анхандаа туршлага муутай, нэлээд эмх замбараагүй тарьдаг байлаа. Олон жил “нөхөрлөхөөр” мод хэрхэн ургах, үржихээ өөрөө заагаад өгчихдөг юм байна.
Сүүлийн жилүүдэд би зөвхөн өөрийн хашаанд бус, цөлжиж буй газарт мод тарьж, элсний нүүдлийг зогсооё гэж шийдээд, аавынхаа нутаг болох Төв аймгийн Аргалант суманд 15 га газар авсан.
Улаанбаатараас 87 км зайтай, Хустайн нуруу, Молцог элсний хойд үзүүрээс элс нүүдэллэж буй, цөлжилттэй хэсэгт мод тарих газар авсан юм. Манайх зуслангийнхаа хашаанд голдуу чацаргана тарьдаг.
20 гаруй жилийн хугацаанд үржиж олшроод газраа тэлэх шаардлага тулгарсан. Гэхдээ газраа зүгээр нэг өргөжүүлэх биш, байгаль орчинд тустай төдийгүй олон нийтэд хэрэгтэйг нь бодож, хөдөө очин, цөлжиж буй газарт тарихаар шийдэж байлаа.
-Ямар мод тарьж байгаа вэ?
-Чацаргана тарихын зэрэгцээ үрэл, монос, үхрийн нүд ч ургуулдаг. Хавар бүгд сайхан цэцэглэнэ. Долдугаар сараас жимсээ өгч эхэлдэг. Намар болохоор мод бүрийн навч өөр өөр, улаан, ногоон, шар зэрэг олон өнгөөр ялгарч, үзэсгэлэнтэй харагддаг юм.
Тиймээс зөвхөн мод ургуулах биш, олон нийтийн сонирхлыг татаж, аялж, амарч зугаалах орчин бүрдүүлэх ч боломжтой. Цөлжилтийн эсрэг зөвхөн мод тариад зогсохгүй, говьд баянбүрд байгуулах төлөвлөгөө бий.
Манайх шиг тийм жимс, модтой өөр газар тус суманд одоогоор байхгүй. Хийсэн ажлыг минь хараад бусад хүн ч санаа авна шүү дээ.
Тиймээс төр, засгаас ч энэ асуудалд анхаарал хандуулж, миний насныхнаас гадна гэр оронгүй, ажилгүй иргэдээ хүртэл мод тарих ажилд татан оролцуулж, ногоон хэрмээ нэмэгдүүлэн, цөлжилтөөс хамгаалах боломж надад харагддаг л юм.
-Цөлжилтийн эсрэг салхи хааж, хөрс сайжруулах мод буюу гол төлөв заг тарьдаг. Харин та яагаад жимсний мод тарих болов оо. Жимсний мод цөлжилтийн эсрэг “зогсох” боломжтой юу?
-2-3 метр өндөр ургадаг чацаргана, үрэл, монос, үхрийн мод, долоогоно, бөөрөлзгөнө тарьж байна. Хөрсний доройтлоос хамгаалах зорилгоор технологийн дагуу чацарганы модны эгнээ хооронд нь царгас гэдэг олон наст тэжээлийн ургамал тарьдаг.
Тэр нь хөрсийг азотоор баяжуулдаг юм. Царгасаа зундаа хоёр удаа хурааж, малын тэжээлд нийлүүлж болно. Тэгээд ч жимстэй мод таривал хүмүүс сонирхож, түүнээсээ үр ашгийг нь хүртэх боломж ч бий.
Зөвхөн мод тарихаас гадна Япон, БНСУ зэрэг улс шиг цөөрөм байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Манайх зуслангийнхаа хашаанд жижиг цөөрөм байгуулсан, цацагт хяруул, галуу, нугас тэжээдэг. Түүнээсээ арай томхон цөөрөм байгуулах нөөц боломж нь надад бий.
-Цөлжилттэй тэмцэхээр товлосон газартаа өдгөө хэр олон мод тариад байгаа вэ?
-Хоёр жилийн хугацаанд гурван га газарт нь 200 гаруй мод тарьчихсан, тэд маань жимсээ өгч байна. Голдуу чацаргана. Тоог нь ахиулах санаатай ч одоогоор санхүүгийн боломж тааруу учраас нэмж чадахгүй л байна.
Уг нь хотод тарьсан моднуудаа тэнд аваачаад үржүүлж болох ч хөдөө дэд бүтэц муутай. Хотдоо үржүүлье гэхээр газар багатай болчихоод байх юм.
-Хамтран ажилладаг байгууллага, иргэд бий юү. Зөвхөн өөрийн нөөц бололцоонд тулгуурлан энэ ажлаа амжуулдаг уу?
-Өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан, тэтгэврийн зээл хүртэл авч, модоо үржүүлсээр ирсэн. Аргалант сум дахь газартаа мэрэгч амьтан оруулахгүй байх үүднээс нэлээд сайн хашсан. Газраа боловсруулчихаад хотод тарьсан талбайгаасаа 7-10 жил болсон том, жимсэлж байгаа моднуудаа зөөж байгаа.
Нар, салхины хаалт бас хийлээ. Харамсалтай нь, манайд худаг гаргах боломж байхгүй, дэд бүтцээ сайн шийдэж чадаагүй байна. Уг нь 2014 онд манай Санхүү эдийн засгийн дээд сургууль, БНСУ-ын Хандоны глобаль их сургууль хамтран хэрэгжүүлсэн орон нутгийг хөгжүүлэх төслийн уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлсэн.
Төслийн ивээн тэтгэгч байгууллагуудаас шалгарсан төслүүдийг ивээн тэтгэнэ гэсэн байдаг ч өдий хүртэл дэмжлэг авч чадаагүй л байна. Орон нутгийг хөгжүүлэх төслөөр дамжуулан дэд бүтцээ сайжруулж, талбайгаа өргөжүүлье гэж хүлээсээр байтал 2016 он гарчихлаа.
Зээл хүсэж банкинд хандахаар “Орлого чинь хүрэхгүй байна” гэж хэлдэг. Богино хугацаанд ашгаа өгдөггүй учраас мод тарих хүнд зээл өгдөггүй юм билээ.
-Төслийн дэмжлэгээр өргөжүүлэх боломжгүй юм бол цаашид хэрхэн шийдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Монгол, БНСУ-ын Засгийн газрын хамтарсан “Ногоон хэрэм” төсөлд хандах бодолтой байна. Уг төслийн болон миний зорилго адил тул нэгдэж ажиллах боломжтой гэж харж байгаа. “Ногоон хэрэм” төслийнхөн жинхэнэ технологийнх нь дагуу мод тарьж, цөлжилтийг бууруулж байна.
Мод тарьчихаад услаад орхих биш, ус бага зарцуулах дуслын систем суурилуулж, олон талаас нь анхаарч, ажиллаж буй юм билээ. Төв аймгийн Баянхангай суманд тарьсан моднуудыг нь очиж үзсэн. Манайхаас холгүй юм билээ.
“Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих газрыг нь сонгож, хашаа хороо татаж, мэргэжилтнүүдийг нь ч бэлддэг юм гэсэн. Харин надад бол дэд бүтцээс бусад нь бүгд бий. Газар байна. Түүнийгээ боловсруулаад, хашчихсан. Мод тарих мэргэжилтэн нь би өөрөө байна. Би зүгээр суучихаад бусдаас юм нэхээд байгаа хэрэг биш юм шүү.
Тэд ус, цахилгаан татахад дэмжлэг үзүүлчихвэл үйл ажиллагааг нь би үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Цаашид бусад газар мод шилжүүлэн тарьж болно.
Би 15 га газраа бүхэлд нь тохижуулна гэхгүй. Дөрвөн га газрынх нь дэд бүтцийг шийдээд өгчихсөн байхад цаашдынх нь үйл ажиллагааг би өөрөө өргөжүүлж чадна.
-Аливаа мод бутыг тарихад хамгийн чухал нь арчилгаа байдаг болов уу. Ялангуяа манай орон эрс тэс уур амьсгалтай учраас хэр баргийн мод сайн ургадаггүй гэдэг. Арчлаагүйгээс болоод иргэдийн тарьсан модны олонх нь эзэнгүй үлддэг хэвээр байна.
-Чин сэтгэлээсээ хандаж, хэдий чинээ хөлс хүч гаргаж гэмээнэ үр дүнг нь үзнэ. Модыг амьд амьтан гэж ойлгох хэрэгтэй. Манайд бол мод суулгаад, услаад орхичихдог, үндсэндээ бол булшлаад хаях нь түгээмэл.
Баруун аймгуудын зам дагуу хашаа татаад мод тарьсан газар цөөнгүй байдаг юм. Түүнийг нь урамшуулж, суулгасных нь мөнгийг өгдөг төслүүд бий. Мөнгө өгснөөс хойш өндөр үнээр татсан хашаа, мод арчилгаагүй үлдэж, өвс ногоо ургана.
Тэр өвсийг нь малдаа идүүлэхийн тулд малчид хашааг буулгах нь түгээмэл. Товчхон хэлэхэд, арчилгаагүй үлдсэн мод маань эзэнгүй хаягдаад дуусаж байгаа юм. Тиймээс иргэдийг энэ ажилд татан оролцуулж, чин сэтгэлээсээ ханддаг болоход нь үлгэр жишээ болгох зүйл, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.
-Таны хэлсэнчлэн ашиг шим нь богино хугацаанд харагддаггүй болохоор энэ чиглэлээр ажиллах хүн тийм олон биш болов уу?
-Манайхан сүүлийн үед үхрийн нүдийг их хэмжээгээр тарихаа больчихож. Нэг га газарт ойролцоогоор үхрийн нүдний 2500 суулгац багтдаг. Тэдгээр суулгацын өртөг нь 8.7 сая гаруй төгрөг болдог. Үхрийн нүд суулгаснаас хоёр жилийн дараа буюу 4-5 настайдаа жимсээ өгч эхэлнэ.
Хоёр жилийн дараа нэг бутнаас 500 грамм орчим жимс авна гэж тооцоход нэг га газрын эзэн та 1250 кг жимстэй болно. Одоогийн ханшаар бол нэг кг нь 8000 төгрөг. Ингээд үзэхээр нийт 10 сая төгрөг гэсэн үг. Таван жилийн дараа нэг бутнаас таван кг жимс авна гэж тооцоход нийт 100 сая төгрөг олох үндэстэй.
Нэг га талбайн үхрийн нүдийг арчлах тийм ч хэцүү биш шүү дээ. Ийм байдлаар хүмүүсийг энэ ажилд татан оролцуулбал мод тарих хүмүүсийн тоо нэмэгдэх үндэстэй юм шиг санагддаг. Хамгийн гол нь сэтгэлтэй, өөрөө арчлаад, ашгаа ч аваад явчихаж чадах хүмүүст энэ ажлыг даатгах ёстой гэсэн санаа юм.
1960-аад онд хотыг цэцэрлэгжүүлэх ажил эхлэхэд хүүхдүүдээр Сэлбэ голын хөндийгөөс ерхөг, согоовор зэрэг олон наст ургамал түүлгэдэг байсан. Шуудай шуудайгаар нь түүдэг байлаа.
Түүнээс хойш би ерхөг, согооврын харшилтай, тэр нь даамжирсаар астматай болчихсон. Харин тэтгэвэрт гарснаас хойш мод арчилж үржүүлснээр астма ор мөргүй эдгэрсэн. Хорыг хороор гэдэг шиг л өөрийгөө эмчилсэн юм. Хэдийгээр би 67 настай ч мод, буттай харилцахад ядарч, сульдахгүй. Бүр амралт болж, бие эрүүлждэг юм шиг санагддаг.
Ч.МӨНХЗУЛ