Монголын шатрын паралимпийн холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд хот, орон нутгийн нийт 78 тамирчин оюунаа сорив. Эрэгтэй, эмэгтэй тоглогчид харааны бэрхшээлтэй B1, B2-B3, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.
Нэг талдаа 25 минутын цагийн хяналттай зургаан өрөг тоглосон тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд Дорнод аймгийн “Цагаан барс” клубийн тамирчин, Ц.Түмэнбаяр 5.5 оноогоор улсын аварга болсон юм. B1 төрөлд эрэгтэйчүүдээс Ц.Чинбат, эмэгтэйчүүдээс М.Батзул, B2 төрөлд Б.Болд-Эрдэнэ, Б.Хашцэцэг, PI төрөлд С.Сундуй, Hi төрөлд О.Эрдэнэдалай тэргүүлжээ.
Ц.Түмэнбаяр Киргиз улсын Бишкек хотод 2017 онд болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд алтан медаль хүртсэн бол дараа жил нь ХБНГУ-ын Дрезден хотод зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д арваннэгдүгээр байр эзэлсэн юм. Түүнчлэн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн диф төрөлд болсон УАШТ-д 2017, 2018 онд тэргүүлж, хошой аваргаар тодорчээ.