Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-Эрүүгийн нөхцөл байдлын хувьд харьцангуй тайван аймгийн тоонд Завхан орох байх, тийм үү?
-Эрүүгийн нөхцөл байдлын хувьд амгалан тайван аймгийн тоонд ордог. Энэ нь иргэд, олон түмний маань зан заншил, ёс уламжлал, удам угсаагаа сайтар хүндэтгэдэгтэй холбоотой. Бурхан шашнаа ихэд шүтэж, дээдэлдэг учраас буруу замаар яваад байхыг боддоггүй. Түүнээс гадна шударга зүйлийг их хүсдэг хүмүүс л дээ.
Цагдаа, төрийн байгууллага нь шударга ажиллаж, харыг хараар, цагааныг нь цагаанаар ялгаж ажиллахыг иргэд хүсэж шаарддаг. Ингэж ажилласнаар ямар нэг гэмт хэрэг, зөрчил гарлаа гэхэд холбогдсон хүн нь гарцаагүй шийтгэл хүртдэг гэдгийг ухамсарладаг.
Тиймдээ ч хэн нэгнээр дулдуйдуулж, хариуцлагаас мултрахыг оролддоггүй. Иргэд маань үүнийгээ ухамсарлаж ямар нэг хэрэг үйлдэхгүй, амар тайван ажиллаж амьдардаг болов уу гэж боддог.
2014-2015 оны гэмт хэргийн үзүүлэлтийг 2015-2016 оныхтой харьцуулж үзэхэд гэмт хэргийн гаралт 27 хувиар буюу 85 хэргээр буурсан. Энэ нь улсын хэмжээнд хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлт болсон нь нэгдсэн дүн мэдээллээс харагдаж байгаа юм.
Мөн манайд гэмт хэрэг хийчихээд оргоно гэсэн ойлголт үгүй болсон гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Намайг ажил авч байх үед 18 оргодолтой байсан. Тэднийг бүгдийг нь олж саатуулан хариуцлагыг нь хүлээлгэсэн.
Манай нутгийн онцлог бол нэг нь нөгөөдөө болсон үйл явдлыг сайтар ярьдаг. Бид өглөөний шуурхай хурал дээрээ тийм оргодлыг баривчилсан гэж ярьдаг нь тэр дороо л тардаг. Ер нь Завханд хэрэг хийчихээд оргоно гэж байхгүй шүү гэдгийг л ойлгуулдаг болохоор сэжигтнүүд тэр бүр оргох гээд байдаггүй.
Түүнээс гадна аливаа асуудлыг хуулийн дагуу шударгаар шийдвэл иргэд маш их баярлаж, цагдаад итгэх итгэл нь ч нэмэгддэг. Тиймдээ ч иргэд өөрсдийнхөө харсан хэргийг надад л хэлж, түүнийх нь дагуу алба хаагчдаа чиглүүлэн ажилласнаар гэмт хэргийг шуурхай илрүүлж байдаг.
-Орон нутгийн цагдаагийн газар хэлтсийнхний “шүдний өвчин” бол малын хулгай байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Малын хулгай гэж айхтар зүйл малчдыг бухимдуулж, айлгаж байдаг. Мал бол малчдын амьжиргааны эх үүсвэр. Малаа алдсан хүн маш их зовдог. Үүнд л цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулан хүч тавьж ажиллаж чадвал малчдын амар тайван байдал бий болдог.
Бид малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд эрчимтэй анхаарч ажиллаж чадсанаар өнгөрсөн онд мал хулгайлах гэмт хэрэг 58 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Манай Цагдаагийн газраас жил бүр найман машинтай 32 алба хаагчаа томилон бүх сумдаар явуулдаг.
Сумдад малын хулгайн хэрэг гарвал илрүүлэх үүрэгтэй ингэж явдаг. Хэрэв хариуцсан нутаг дэвсгэрт нь малын хулгай гарвал “Битгий ирээрэй. Илрүүлснийхээ дараа л ирээрэй” гэж алба хаагчдадаа хатуу үүрэг өгдөг юм.
Ингэж ажилласны үр дүн нь дээрх байдлаар буурсан үзүүлэлт. Алба хаагчид маань иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө их зүтгэнэ. Нойр хоолоо хугаслан ажиллаж их ч ядардаг.
-Ингэж маш их хөдөлмөр зарцуулан ажиллаж буй цагдаагийн алба хаагчдынхаа ар гэр, ахуй амьдралыг Цагдаагийн газрын дарга нь анхаарахгүй бол болохгүй биз?
-Тийм шүү. Цагдаагийн алба хаагчдаа тангараг өргөсөн цэргийн хүн гээд л би тушаал өгч чангалаад байхыг боддоггүй. Ядаж л эхнэр нь ч гэсэн ажилтай, орлоготой байг гээд ажилд оруулахаар чармайдаг.
Сумын даргатай, банкны салбарын эрхлэгчтэй яриад цагдаагийн алба хаагчийнхаа гэр бүлийн хүнийг ажилд ав гэж бараг л тулгачихна. Түлээ, нүүрстэй байхад нь ч анхаарна.
Түүний зэрэгцээ алба хаагчдаа урамшуулах, урмыг үг харамгүй хайрлаж байж л тэднийг ажилдаа чин сэтгэлээ зориулах хүсэл эрмэлзлэлтэй болгоно шүү дээ. Ганц төлөг хулгайлсан хэргийг ч гэсэн илрүүлчихвэл урмыг үг харамгүй хайрлах хэрэгтэй гэж санадаг. Саяхан манай аймагт нэг айлын зургаан үхрийг хулгайлсан хэрэг гарлаа.
Манай хоёр мөрдөн байцаагч очиж хэргийн газрын үзлэг хийхэд гэмт этгээдүүд цасан дээр үлдсэн автомашиныхаа дугуйн мөрийг хөлөөрөө арилгачихсан байж. Хариуцлага муутай алба хаагчид байсан бол хэргийн газарт ул мөрөө арилгасан байна гээд зургийг нь авчихаад явчихаж магадгүй.
Харин манай хоёр алба хаагч ажил үүргээ ухамсарласан залуус учраас нэлээд алсуур тойрч хэргийн газрын үзлэг хийж, гүвээний цаанаас машиных нь мөрийг олсон байгаа юм. Ингээд мөрөөр нь мөшгиж, зургаан бярууг нядалж амжаагүй байхад нь сэжигтнүүдийг саатуулсан юм. Үүний дүнд иргэн баярлаж, хэрэг ч илэрсэн.
Бид өглөө болгон ажилтныхаа ур чадварыг дээшлүүлэх талаар ярьж, хэрэг илрүүлсэн арга барилыг нь хамт олны өмнө яриулж урамшуулах боллоо.
Энэ нь ч алба хаагчид маань хамт олныхоо өмнө хичээж ажиллахад түлхэц болж байгаа гэж боддог. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг байдаг шүү дээ.
Би алба хаагчдаа дуудлагад явуулж байгаад осолдуулчих вий гэж их эмээдэг. Тийм ч учраас алсын дуудлагад явж буй алба хаагчдадаа гурав хоногийн хоол хүнс, ус, хийн тулга гээд бэлтгэсэн том хайрцагтай зүйлтэй л явуулдаг юм.
Тэгээд хүн нэг бүрт дах, дэгтий өгнө шүү дээ. Цагдаагийн дарга гэдэг бол айлын аав шиг л байна шүү дээ.
-Завхан аймаг хил дамнасан малын хулгай их гардаг бүс нутгийн тоонд ордог. Өнгөрсөн жил энэ төрлийн хэрэг олон гарсан бэ?
-Туватай залгаа хилээр мал хулгайлж, буу тулган дээрэмддэг түгшүүртэй цаг үе байсан. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хилийн цэргийн анги байгуулан тор татаж, улмаар нутгийн иргэдийг хил хамгаалахад туслах хүчинд татан оролцуулах зохион байгуулалтад цагдаагийн газраас идэвхтэй ажиллаж, айл бүрээс мэдээлэл авч, хилийн районы хоёр сумын бүх малыг паспорт бичиг баримттай болгож, зураг им, тамга, содон шинж тэмдгийг нь тэмдэглэж баталгаажуулсан.
Ингэснээр гэмт хэрэг эрс буурсан. Өнгөрсөн онд Завхан Тувагийн хилээр мал хулгайлсан хэрэг хоёр л гарсан. Тувагийн иргэд хулгайлсан малаа “Манай унаган адуу” гэх мэтээр булзааруулахыг оролддог. Тэгэхэд нь бид нөгөө паспорт, бичиг баримт, им, тамгатай зургийг нь үзүүлэхэд ямар нэг хэл амгүйгээр буцаан өгдөг.
-Зам харилцаа хөгжихийн хэрээр орон нутгийн замд гарч буй осол, хэрэг нэмэгдэж, хүний амь үрэгдэх явдал өссөөр байна.
Танай аймгийн хувьд энэ төрлийн хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа нь ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвөөс гаргадаг статистикаас харагдаж байсан.
-Манай аймагт 2014-2015 онд зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 13 байсан. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажилласнаар нас барсан хүний тоо дөрөв болж буурлаа. Нэг тооны цаана асар их хор хохирол, шаналал байдаг.
Есөн хүний амь насыг хамгаална гэдэг маш чухал шүү дээ. Бид ногдуулах шийтгэлийг ялгамжгүйгээр оноодог нь ч үр дүнтэй ажил байж болох. Жолоо барих эрхийг нь хоёр жилээр хасаж шийдвэрлээд байгаа юм.
-Гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд ямар үзүүлэлттэй байна вэ?
-Манай аймагт өмнөх жилүүдэд гэмт хэргийн илрүүлэлт 20 хувьтай байдаг байсан бол энэ жил 68 болж өссөн.
-Орон нутагт гарч буй эрүүгийн хэргийн багагүй хувийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг эзэлдэг. Хууль бусаар мод бэлтгэх, хулгайгаар ан хийх, ашигт малтмал олборлох гэх зэргээр гардаг шүү дээ.
Завхан аймгийн хувьд байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг гарах нь ямар хэмжээнд байдаг бол?
-Байгаль орчны хэргүүд нэлээд гарч байна. Сүүлийн үед тарваганы мах зөөх оролдлого эрс нэмэгдсэн. Ард түмэн сүсэг бишрэлтэй учраас тэр бүр тарвагачлаад байдаггүй. Гэтэл байгалийн баялгаар ашиг олох гэсэн цөөн хүн очиж тарвага агнан төв газар руу оруулан борлуулахыг завдаж байна.
Хууль бусаар ашигт малтмал олборлогчид буюу нинжа нар цугларч байсан ч цагдаагийн байгууллагынхны ажлын үр дүнд тэд ирэхээ больсон. Ургамал суманд 1500 нинжа 500 гаруй машинтай цуглаж, хууль бусаар алт олборлож байсан. Бид нэгдсэн хүчээр сайн дарж авснаар ирэхээ байсан.
Нутгийн иргэд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх явдал тасрахгүй байна. Өнгөрсөн жил гэхэд хууль бус мод бэлтгэлтэй холбоотой эрүүгийн 6-7 хэргийг цагдаагийн байгууллага шалгасан. Энэ төрлийн хэрэг яагаад гараад байна вэ гэхээр хууль журмаа баримталж биелүүлдэггүйтэй холбоотой.
Иргэд эхэлж модоо бэлтгэчихээд дараа нь зөвшөөрлөө авна гэж тооцдог. Тэгж байгаад л цагдаагийн эргүүлд баригддаг. Тосонцэнгэл сумыг бид өөрсдийн нөөц бололцоогоор телекамерийн хяналтад бүрэн авсан учраас хууль бусаар мод тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг шуурхай илрүүлэн шалгаж чадаж байгаа.
-Хэсгийн төлөөлөгчийн амьдрах байр, тээврийн хэрэгсэл хүрэлцээтэй юү?
-Завхан аймаг 24 сумтай, олон сумтай аймгийн тоонд ордог. 24 суманд цагдаагийн кабон барьсан. Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийг кабонтой болгоход манай аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн идэвх зүтгэл гаргасан.
Улсын төсөвт кабон барих хөрөнгийг нь суулгуулснаар бүх хэсгийн төлөөлөгч маань ажиллаж амьдрах байртай болсон. Энэ дашрамд, Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Я.Санжмятав нарт цагдаагийн алба хаагчдынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.
Манай Цагдаагийн газрын зүгээс бүх сумынхаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг автомашинтай болгохоор зорьж байна. Одоогоор зургаан сумын хэсгийн төлөөлөгч машингүй байгаа. Бусад 18 нь машинтай болсон нь дэвшил.
Тэдний дунд төрийн албанд ашиглаж байсан машиныг шилжүүлж авсан, хуучин тээврийн хэрэгсэл ч бий. Түүнийгээ арчилж тордоод төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна.
Бид Улсын онцгой комиссоос цагдаагийн газартаа сүүлийн гурван жилд гурван машин авснаа үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа. Тус комиссийнхонд ч баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
Улсын онцгой комиссийн ажилтнууд манай аймагт очиж ажил шалгахад нь би ажлаа танилцуулах явцдаа тулгарч буй бэрхшээлээ ойлгуулснаар гурван машины тусламж авсан юм.
Засвар үйлчилгээний зардал бэрхшээлтэй байдаг ч бид дотоод нөөц бололцоогоо ашиглан аймгийн төвд явж буй хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудаа энэ өвөл шинэ дугуйтай болгосон.
-Завхан аймгийн Цагдаагийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж төв, орон нутгийн Цагдаагийн газар хэлтсийнхэнд үлгэр дуурайл үзүүлсэн байсан. Энэ талаараа тодруулахгүй юу. Орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл хэр их гардаг вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар манай Цагдаагийн газраас их анхаарч ажиллаж байна. Нийгмийн суурь бол гэр бүл юм. Цагдаагийн газрынхаа 2012 оны статистикийг харахад бүртгүүлсэн гурван хэргийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байсан. Хаалгаа түгжиж аваад л эхнэрээ зоддог юм байна л даа.
Цагдаа очихоор “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд оруулдаггүй. Тэгэхээр нь цагдаагийнхан орхиод буцдаг үе байсан. Би Цагдаагийн газрын даргын албыг авснаасаа хойш ингэж болохгүй гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг гэдгийг алба хаагчдадаа ойлгуулж, дуудлагыг хүлээн авч шийдвэрлэдэг болсон.
Гэвч Цагдаагийн газарт байхдаа хэрэлдэж зодолдохгүй ч, гарахаараа муудалцаад унадаг учраас төрөөс үзүүлэх бодитой тусламж хэрэгтэй гэдгийг аймгийн удирдлагадаа танилцуулан эхний ээлжинд 137 сая төгрөг шийдвэрлүүлэн хамгаалах байрыг анх удаа орон нутагт байгуулсан.
Тэр байрандаа тавих тавилга хэрэгслийг НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагад төсөл бичиж хүргүүлж, тэдний тусламжаар бүрэн тавилгатай болсон. Тэнд халуун, хүйтэн устай, шаахай, шүдний сойз, гал тогооны хэрэгсэлтэй, 100 суваг гардаг сансрын антенн гээд хүний хэрэгцээг бүрэн хангасан гэхэд хилсдэхгүй.
Түүгээр үйлчлүүлж байгаа хүмүүст туслах хамтарсан багийг аймгийн ИТХ-ын тогтоолоор баталж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллага хоол хүнсийг нь хангах, боловсролын байгууллага сургалт явуулах гээд бүгдийг нь үүрэгжүүлэн ажиллах болсон.
Энэ хамгаалах байраар үйлчлүүлсэн хүмүүс “Сайхан амарлаа. Ямар сайхан, ая тухтай газар вэ” гээд ам сайтай байгаа.
Энэ туршлагыг маань Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон ойр орчмын аймгийнхан ирж үзэн жишиг болохуйц хэмээн үнэлсэн.
-УИХ шинээр баталсан, есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэмт хэргийн тухай хуулийн талаар ямар бодолтой байна вэ?
-Шинэ хууль маань алба хаагчдаас их өндөр ур чадвар шаардах юм байна. Мөн техникийн бололцоог ашиглан баримтжуулах, нотолгоожуулах ажлыг их сайн хийхгүй бол алба хаагч өөрөө асуудалд орж болзошгүй юм шиг санагдсан. Ингэх нь зөв л дөө. Цаг үеэ, нийгмийн хөгжлөө дагаад хууль ийм л болох ёстой шүү дээ.
Цагдаагийн алба хаагчдаас өндөр ур чадвар шаардаж буйгийнхаа адилаар төр, засаг маань цагдаагаа техник хэрэгслээр нь хангах үүрэгтэй. Ингэснээр гэмт хэргийг гарцаагүй нотлох бололцоотой.
Г.ЦОЛМОН