Баянзүрх дүүргийн XXI хороо, 2016.02.16. 15.30 цаг.
Цас ахиу орж, хүйтний эрч ч нэлээд чангарсан хүндхэн өвөл арай гэж өнгөрлөө. Гэсэн ч цаг хараахан наашлаагүй, нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, 20 аймгийн 90 сум цагаан зудтай хэвээр хавартай золгоод байна.
Энэ цагийн нэг том аюул нь шар усны үер. Ялангуяа нутгийн ихэнх хэсэг цасаар хучигдсан одоогийн нөхцөлд аюул бүр ч их. Өвлийг яаж ийгээд давчихвал “гэгээ тусна” гэсэн олон нийтийн хүлээлтийн үзүүрт шар усны үер “уяатай” байж мэдэх нь.
Өнгөрсөн зун ган болж, зарим газар малын хамар хатгах өвсгүй байхад айлчилчихсан өвөл одоо хаварт үер үлдээж болзошгүй гэсэн үг. Холбогдох байгууллагууд жил бүрийн хавар л шар усны үерээс сэрэмжлэх талаар олон
нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Харин энэ жилийн “кампанит” ажил хараахан эхлээгүй юм байна. Цас хайлахын өмнөхөн “Шар усны үерээс сэрэмжлүүлэхийг анхааруулъя” гэж сануулж эхэлдэг гэнэ.
Тэр цаг нь гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхэн үе тул “Одоохондоо энэ талаар ярихад эрт” гэж албаны хүмүүс хэлж байна лээ. Угтаа бол зудаасаа бүрэн салаагүй, шийдвэрлэх асуудал ч олон байгаа учир энэ талаар ярихад эрт байгааг дуулгаж байсан юм.
Гэтэл сүүлийн өдрүүдэд цаг агаар нэлээд дулаарч, өнөөх их цас хайлж ч мэдэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ маягаар цаашид хэдхэн өдөр дулаарахад л сэрэмжлүүлэг хүлээлгүйгээр, их цас хормын дотор урсчих гээд л байх шиг.
Цаг агаарын мэдээллээр бол агаарын температур одоохондоо хэт дулаарахгүйгээр, олон жилийн дунджийн орчим байх юм гэсэн. Гэхдээ өнгөрсөн зун гэнэт халж, өвөл хэт хүйтэрчихсэн шиг нэг л өдөр дулаарчихвал өнөөх их цас чинь гэнэт хайлж, бид барьц алдахад хүрвэл яах вэ. Хайлах л ёстой юм чинь. Үнэнийг хэлэхэд үүнээс өөр өөдтэй хувилбар алга л байна.
Дарга нар үерийн гамшиг тохиолдож болзошгүй нөхцөлд амьдарч буй айлуудыг “Нүүлгэн шилжүүлэх учиртай” гэдэг ч өдий хүртэл ингэж ярьснаас илүү, дорвитой арга хэмжээ авч чадаагүй нь үнэн билээ.
Хавар болохоор л “Үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүллээ. Нүүлгэх шаардлага хүргүүллээ” гэсэн албаныхан шаардлага, мэдэгдэл гардаг ч түүнийг нь тоож, авч хэлэлцэх айл цөөхөн болов уу.
Хүн ам олноор суурьшсан суурин газруудад шар усны үерийн гамшиг нүүрлэбэл хэн хохирох бол. Наад зах нь улсын маань хамгийн олон хүнийг “агуулдаг” Улаанбаатар хотод маань үер буувал уснаас хамгаалах барилга, байгууламжууд нь байгалийн гэнэтийн шалгалтад амжилттай дүн авч чадах бил үү.
Орон нутгийн иргэд нийслэл рүү хошуурч буйгаас үүдэлтэйгээр хот өдрөөс өдөрт өргөжиж, ялангуяа гэр хороолол хүрээ тэлж, үерийн хамгаалалтгүй, гуу жалга бараадах болсон нь гамшигт өртөх эрсдэлтэй, айл өрх, эд хөрөнгийн тоог жилээс жилд нэмсээр буй.
Ийм нөхцөлд амьдарч буй бид гамшиг тохиолдох нөхцөлтэй тулгарахаас өмнө бэлэн байх нь л чухал. Тэр л бидний гол үүрэг. Гэвч бид бэлэн байж чадах л байгаа даа.
Ч.МӨНХЗУЛ

Иргэд усанд автаж, хөлдсөн гэрээ орхиод нүүж байна
Тэсгэм хүйтэн өвөл улиран одож, өвс ногоо дэлгэрэх урин хавартай золголоо. Гэвч хүйтний эрч суларч, дулаарахын хэрээр хөрлөсөн цас хайлж шар усны үер буух нь хавар цагийн аюул билээ.
Эд материал байтугай хүн, малын аминд хүрдэг байгалийн энэ үзэгдлээс монголчууд байнга сэргийлж, үерийн амнаас хол газар орон гэрээ барьж, сонор сэрэмжтэй байхыг чухалчилсаар ирсэн ч хот суурин бараадсан иргэд алгын чинээ газарт ч гэрээ бариад, азанд найдаж аж төрдөг болсон.
Уулын оройгоос бэл хүртэл битүү буусан айлуудыг үер хэдхэн минутад хаман одох аюултай ч тоож буй хүн алга. Нийслэлд ч шар усны үер буудаг хэд хэдэн газар бий.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлах “Орчлон” хороолол, Дэнжийн мянгын Ногоон нуур орчим, Баянзүрх дүүргийн 21, 23, 27 дугаар хороонд жил бүр шар усны үер буудаг аж.
Бид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу иргэдийн хэлж заншсанаар Дарь-Эхийн Ганц худагийн буудлын ойролцоо, Сэлбэ гол дагуу амьдарч буй айлуудаар орлоо. Сэлбэ гол, Дамбын рашааны уулзвар газарт буюу шар усны үерийн аманд буусан айлууд нэлээд хүнд байдалтай байв.

Тус газарт тэндхийн уул болон Дамбадаржаагаас шар усны үер “зочилдог” байна. Дээрээс нь газраас ундрах хөрсний ус нэрмээс болдог аж. Цас, мөс бүрэн хайлаагүй байхад аль хэдийнэ аюулын харанга дэлдээд эхэлчихэж.
Тэндхийн хүмүүсийн амьдарч буй гэр, байшин, нийтийн байрны суурь, шалнаас ус ундарч овойж, товойн хөлджээ. Эзэнгүй хашаануудыг ажихад гэрийн тэн хагас нь усаар дүүрч мөстчихсөн, жорлонгийн бохир нь хальж хөлдөөд хүн амьдрах аргагүй болсон байв.
Энэ хавьд ойролцоогоор 200-300 өрх байгаагийн ихэнх нь эзэнгүй байлаа. Нэлэнхүйдээ мөстсөн болохоор харуй бүрий байтугай гэгээн цагаан өдрөөр ч хүмүүс хальтирч, гэмтэх нь энүүхэнд бололтой. Энэ хорооны Сэлбийн I, II, III хэсэгт шар усны үер байнга болдог аж. Яг энэ бүсэд нь 1000-аад өрхийн 2500-3000 орчим иргэн амьдардаг тухай хорооны ажилтан нь хэлсэн.
Тус хорооны зохион байгуулагч Х.Хонгорзул “Бид жил бүр нийслэл, дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэнтэй хамтраад айл бүрт шар усны үерээс сэрэмжлүүлэх хуудас, танилцуулга болон тус газраас нүүх мэдэгдэл өгч, гарын үсэг зуруулдаг.
Эдгээр айлыг нүүлгэх төсөв, хөрөнгө хороонд байхгүй. Айлуудыг нүүлгэх, шилжүүлэх зайлшгүй шаардлагатай үед нийслэлээс тодорхой хэмжээний мөнгө гаргадаг. Хамгийн гол нь иргэдэд ухамсар алга. Очоод үерийн аюулыг сануулж, нүүх хэрэгтэйг хэлэхэд “Бидэнд үүнээс өөр амьдрах газар байхгүй.
Хаашаа нүүх юм бэ, хэн газар өгөх юм бэ?” гээд халгаадаггүй. Үерийн үеэр нүүчихээд намжихаар нь эргээд л нөгөө газраа буучихдаг” гэж зовлонгоо тоочоод, хийсэн ажлынхаа тайлан, зураг болон сэрэмжлүүлэг, мэдэгдэл хүлээн авснаа гэрчилсэн иргэдийн гарын үсэг зэрэг бичиг баримт үзүүлсэн юм.
Шар усны үер буудаг хамгийн аюултай хэдэн гудамжаар явж байтал нэгэн хашаанаас хүрз, жоотууны чимээ сонсогдов. Уг айл тус хорооны иргэн Б.Батмөнхийнх аж. Тэрбээр “Өнгөрсөн зургадугаар сард энэ газрыг дөрвөн сая төгрөгөөр худалдаж аваад эхний өвлөө амьдарч байна. Зун зүгээр байсан юм.
Дулаарахаар шар усны үерт автах нь тодорхой боллоо. Ийм гэдгийг нь мэдсэнгүй. Газрын бичиг баримтаа ч аваагүй байгаа. Зарсан хүн нь хууль бус зүйл хийсэн бололтой. Нэгдүгээр сарын дундуур үүрээр гэрийн шалан дороос ус оргилоод гараад ирсэн. Усыг нь тогтоох гээд чадаагүй, бор давс асгаж байж арай гайгүй болгосон.
Гэр доторх бүх тавилга, эд зүйл усанд автаад хөлдчихсөн. Уг нь дээд тал нь хөлдсөн, доороо устай л байгаа. Айлууд эхнээсээ усанд автаад нүүж байна. Гэрийн шал байтугай байшингийн суурь хүртэл овойж, товойгоод хагарчихдаг юм билээ. Мөснөөс нь салгаж, гэрээ буулгаад бушуухан нүүх гэсэн юм” гэсээр жоотуугаар мөс цохин хагалж байлаа. Эднийх ам бүл дөрвүүл.
Гэр нь усанд автаж мөстөөд амьдрах аргагүй болсон тул гурван настай болон ойтой хүүхдээ аваад эхнэр нь хөдөө явсан аж. Тэрбээр гэрээ ганцаараа мөснөөс салгаж чадахгүй тул туслуулахаар хэдэн хүн дууджээ. Тэднийг хүлээх зуураа гэр тойрсон мөсөө ганцаараа хагалж буй нь энэ. “Ядахад яр” гэгчээр мөсөн дороос ус ундарч байлаа.
Э.НАМУУН
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Г.ДАВАА: Гуравдугаар сарын дундуур шар усны
үерийн төлөвийг гаргана
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч Г.Даваагаас шар усны үерийн онцлог болон өнгөрсөн жил хаагуур их үерлэсэн талаар тодрууллаа.
-Шар усны үерийг манай ард иргэд үндэсний үер ч гэж нэрлэдэг. Өвлийн турш хуримтлагдсан цас хавар огцом дулаарахад хайлж, үндэсний үер болдог. Манай орны ихэнх гол дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сард үерлэж эхэлдэг.
Алтайн нурууны голуудад үер хожуу буюу зургадугаар сарын 20-доор эхэлж, наймдугаар сарын сүүлчээр дуусдаг. Учир нь шар усны үер нам дор газраа эрт эхэлж, дуусдаг. Харин мөнх цаст уул болон өндөрлөг газарт зун үргэлжлэхийн зэрэгцээ хур борооны үер нэмэгддэг онцлогтой.
-Энэ жилийн шар усны үерийн төлөв байдлыг гаргасан уу?
-Цаг уурын станцууд цасны зузааныг өдөр бүр, хээрийн цасыг арав хоногт нэг удаа хэмждэг. Мөн манай хүрээлэн байнга сансрын мэдээлэл авч, цасан бүрхүүлийн зургийг гаргадаг. Эдгээр мэдээллийг ашиглаж, шар усны үерийн явц, төлөвийг гаргадаг юм. Цаг нь одоогоор хараахан болоогүй байна.
Гуравдугаар сарын дундуур шар усны үерийн төлөв байдлыг гаргана. Харин дөрөвдүгээр сараас шар усны үерийн өдөр тутмын мэдээ гаргаж эхэлнэ. Эртнээс таамаг дэвшүүлж, хүмүүст худлаа сэрэмжлүүлэг өгч, тэвдүүлэхгүй.
-Өнгөрсөн жил нийт нутгийн аль хэсэгт хамгийн их үерлэсэн бэ?
-Ноднин Алтайн нурууны Буянт, Ховд гол болон Алтайн цаадах говийн Булган, Үенч, Бодонч гол нэлээд үерлэсэн. Шар усны болон хур борооны үер давхацсан нь үүнд нөлөөлсөн. Харин Хангайн нурууны голуудад шар усны үер төдийлөн буугаагүй.
Ялангуяа Сэлэнгэ мөрний сав газарт бараг цасгүй байсан учир багахан үерлэсэн. Ялангуяа хойшоо урсдаг голуудын мөсний дээд хэсэг эрт хайлдаг ч доод хэсэг нь гэсдэггүй учраас мөсөн хахаа үүсдэг.
Өөрөөр хэлбэл, голын мөс бүрэн хайлж амжаагүй байхад шар усны үер бууж мөсөн хахаа үүсээд голын татам усанд автдаг. Халх голд энэ үзэгдэл түгээмэл. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Хангай, Хэнтийн нуруунаас эх авсан голууд үерлэх нь харьцангуй багассан.
-Нийслэлд шар усны үер хэр буудаг юм бол?
-Туул голын саваар шар усны үер ерөнхийдөө бага. Гэхдээ нийслэл орчмын үерийн хамгаалалтын сувгууд өвөл болохоор угаадас, хогоор дүүрчихдэг. Үүнийг хайлж амжаагүй байхад шар усны үер буувал суваг халих гэмтэй. Тиймээс нийслэл, дүүргээс эдгээр суваг шуудууг эртнээс хоггүй байлгаж, үерийг хүлээж авч, урсгахуйц хэмжээний бэлтгэл хийх хэрэгтэй.
Э.НУМ

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
М.БАЛДАНДОРЖ: 2900 гаруй айл үерийн жалга, голын сав газар буусан
Ч.МӨНХЗУЛ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн М.Балдандоржтой шар усны үерийн аюул, түүнээс сэрэмжлүүлэхийн тулд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.
-Жил бүр иргэдэд шар усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж, үерийн бүсэд амьдарч буй айлуудад мэдэгдэл хүргүүлдэг. Уг ажил энэ жил хэдийнээс эхлэх вэ?
-Нийслэлийн Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдтэй хамтран иргэд, олон нийтэд шар усны үерээс сэрэмжлэхийг анхааруулдаг. Гуравдугаар сарын 10-ны үед нийслэлийн Засаг дарга захирамж гаргаснаар үзлэг, шалгалт зохион байгуулж эхэлдэг юм.
Үерийн далан, замын ус зайлуулах байгууламжуудыг үзэж шалгана. Ус чөлөөтэй өнгөрөх нөхцөл бүрдүүлэхийн тулд гуравдугаар сарын 10-наас цэвэрлэн, засаж эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 10- наас тавдугаар сарын 15-нд шар усны үер буудаг юм.
Тиймээс дүүргүүдийн Онцгой байдлын газраар дамжуулан гуравдугаар сарын эхнээс анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээлэл, мэдэгдэл өгдөг. Энэ ажил хараахан эхлээгүй байна.
-Одоогоор хэчнээн айл үерийн аюултай бүсэд амьдарч байна вэ?
-2900 гаруй айл үерийн жалга, голын сав газар буусан байна. Энэ тоо жил бүр нэмэгдэж буй төдийгүй цаашид ч олшрох хандлагатай. Өнгөрсөн жил нэг айл байсан хашаанд энэ жил дахиад нэг айл нэмэгдчихсэн байх жишээтэй. Үүнээс гадна бүртгэгдээгүй, суурьшлын шинэ бүсэд амьдарч байгаа айлууд ч бий.
-Аюултай бүсэд амьдарч буй айлуудад жил бүр сэрэмжлүүлдэг ч үр дүнд хүрэхгүй, улам нэмэгдсээр буйн шалтгаан юу вэ. Ойрын жилүүдэд ноцтой гамшиг тохиолдоогүй учраас төдийлөн тоохгүй байна уу?
-Шууд нүүлгэх боломж бүрдээгүй. Нүүлгэнэ гэвэл дэд бүтцээс болоод хот байгуулах хэмжээний том асуудал үүсдэг юм. Хэдэн жилийн өмнө албадан нүүлгэх арга хэмжээ авч байсан юм билээ. Тухайн үед айлуудад газар заагаад буулгачихдаг байж.
Гэтэл тэр газарт нь дэд бүтэц, цахилгаан байхгүй тул айлууд буцаад нүүгээд ирдэг. Ус, цахилгаан, унаа гээд бүх зүйлийг нь шийдсэн газарт аваачихгүй бол ийм нөхцөл үүсэх нь гарцаагүй. Нөгөө талаар айлуудын дийлэнх нь хэдийнэ газраа өмчлөөд авчихсан тул шууд нүү гэж албадах хэцүү.
-Гэр хорооллын иргэдээс гадна ийм аюултай бүсэд байрлаж буй орон сууцны хороолол ч бий. Жишээ нь, “Ривер гарден”. Орон сууцны хорооллуудыг хамгаалахад анхаарч, арга хэмжээ авдаг уу?
-Энэ талаар нэлээд ярьдаг ч шийдэхэд хүндрэлтэй. Үерийн эрсдэлийн судалгаагаар “Ривер гарден” хороолол өртөнө гэсэн судалгаа гарсан. Тэд өөрсдөө үерийн далан барьсан байна лээ. Тэр нь шаардлагад нийцэх, эсэхийг мэдэхгүй.
-Өнгөрсөн намар, өвөл нэлээд цас унасан. Тэгвэл энэ хавар хаана шар усны үер их буух магадлалтай байна вэ?
-Улаанбаатар хотод шар усны үер буух нь харьцангуй бага. Мэдээж гамшгийн хэмжээнд хүрвэл нэлээд усанд автах газар олон бий. Сэлбэ голын эх, Дарь-Эхийн хойд хэсэг, Чингэлтэй уул зэрэг уулархаг хэсгээр л шар усны үер буудаг.
Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлийн менежмент хийж, өнгөрсөн онд эцсийн тайланг хүлээлгэн өгсөн. Тэр тайланд хотын үерт өртөх магадлалтай хэсгийн зураглал, тооцоог гаргасан юм.
-Улаанбаатар хотод үерээс хамгаалах барилга байгууламж дутагдалтай, байгаа гийнх нь ашиглах хугацаа дуусаж буй гэдэг. Шинээр барилга байгууламж барих тал дээр холбогдох байгууллагууд хэр анхаарч буй юм бол?
-Манай үерийн далангуудын 78.3 хувийнх нь ашиглах хугацаа гүйцэж, шинэчлэх шаардлагатай болсон. Ихэнхийг нь 50-60 жилийн өмнө барьсан байна. 2013 оны тооллогоор ийм дүн гарсан юм. Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын томоохон 24 далан суваг, гуу жалга бий.
2014 онд Улаанбаатар хотын үерийн усны байгууламж, зам талбайн болон хөрсний усны шугам сүлжээний 2020 он хүртэлх хөрөнгө оруулалт, хөгжлийн хөтөлбөр боловсруулж, нийслэлийн ИТХ-аар батлуулсан.
Уг хөтөлбөрт 2020 он хүртэлх хугацаанд үерийн далан суваг, зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээг шинэчлэх болон урсгал зардалд нийт 373 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан юм.
Үерийн далан суваг онцгой ангиллын барилга байгууламжид хамаардаг, хүнд хийцтэй, тэр хэрээр өртөг өндөртэй байдаг. Хотын захиргаанаас сүүлийн жилүүдэд энэ чиглэлд багагүй хөрөнгө зарцуулж эхэлсэн.
2009 оноос хойш л үерийн далан суваг, борооны ус зайлуулах системд хөрөнгө оруулах болсон. Одоогоор засаж, шинэчлэх шаардлагатай далан, суваг 15 байна. Зураг төсвийг нь боловсруулж, 154 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагатай. Зураг төсвийг нь 2010-2012 онд боловсруулсан байдаг юм.
-Хот доторх үерийн далангуудын ихэнх нь хогийн сав болчихсон гэхэд хилсдэхгүй. Орчин нөхцөлийг нь сайжруулахад хэр анхаардаг вэ?
-Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурвасын тухай журам бий. Уг журмыг шинэчлэн сайжруулаад Улаанбаатар хот доторх голуудын ойр орчмыг амралт, зугаалгын бүс болгож, ногоон байгууламжтай нь хамт төлөвлөх ёстой.
Дан ганц үерийн хамгаалалт барихаас илүү хот төлөвлөлттэй нь уялдуулж, цогцоор нь шийднэ гэсэн санаа юм. Жишээ нь, Сэлбэ голын эргийг явган хүний замтай, ус хуримтлагдах нөхцөл бүрдүүлсэн, ногоон байгууламжтай, хамгаалалтын зурвас хийж тохижуулахаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг нь давхар тусгадаг болохоор өдгөө журмын төсөл боловсруулж буй.
Ийм арга хэмжээ авахгүй бол одоогийн үерийн хамгаалалт гэж цементэн хана л байна шүү дээ. Шинэчлэн тохижуулчихвал иргэд ч хогоо хаяхгүй.
-Энэ онд хэр олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Одоогоор УС-15, Эрдэнэтолгой орчмын үерийн далан сувгийг он дамжуулан байгуулж байна. Мөн шинээр “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын далан сувгийн гуравдугаар ээлжийн барилгыг барьж, Нарангийн үерийн хамгаалалтыг шинэчилж байна. Үерийн далан сувгийг цэвэрлэж, засах болон урсгал зардалд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Мөн томоохон хоёр магистрал шугамын ажлын зургийг гаргаж буй. Одоо бол хотын баруун талд “Хархорин” захын цаана ганцхан насос байдаг юм. Үүнтэй адил томоохон хэмжээний хоёр байгууламж барина гэсэн үг.
Ингэснээр төвийн, зүүн, баруун гэсэн гурван том системтэй болж, гадаргын ус зайлуулахад томоохон дэвшил гаргах юм. Одоогоор Төв талбайд орсон борооны ус “Хархорин” зах хүртэл “явж” байгаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Ч.ТУЯА: Цас их орсон учраас шар усны үер
хүчтэй буух эрсдэлтэй
Шар усны үерээс хэрхэн сэргийлэх талаар ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяагаас тодрууллаа.
-Шар усны үер голчлон хаагуур болдог вэ?
-Шар усны үер Алтайн нурууны голуудад дөрөвдүгээр сарын дундуур, харин ус хурах талбай нь нэлээд өндөрт орших голынх арай хожуу буюу дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын дундуур эхэлдэг.
Шар усны үер Алтайн нурууны голуудад 110-150, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсаас эх авсан гол мөрөнд 30-50 хоног үргэлжлэх бөгөөд ус хурах талбайн өндөр ихсэх тусам үерлэх хугацаа нэмэгдэх хандлагатай. Уулын ар хажуу, ойн доод захаар ус нь их хэмжээгээр урсдаг.
Шар усны үеэр цасны нөөц уснаас бүрэлдэх боловч тухайн үеийн агаарын температур чухал үүрэгтэй байдаг. Хайлсан цас өдөр 10.00 цаг орчимд урсаж эхлээд, 13.00-15.00 цагт хамгийн их хэмжээнд хүрч, цаашид аажмаар багасан, 17.00-20.00 цагийн орчим татардаг.
Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс, тэдгээрийн хөндийгөөр бороо, шар ус, уруйн үерийн аль нь ч буудаг бол Алтайн уулсаар зонхилон шар усны үер болдог. Энэ өвөл цас их орсон учраас шар усны үер хүчтэй буух эрсдэлтэй байна.
-Урин дулааны цагт шар усны үерээс хэрхэн сэргийлэх вэ?
-Өндөр уулсын орчим маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа. Энэ нь хайлахаар үер болж буудаг. Мөн гол, нуурын мөсөн дээр цас их тогтдог. Дулаараад ирэхээр голын мөс хайлж, дээр нь цасны ус нэмэгдээд их хэмжээний ус буух аюултай. Шар усны үерт айлууд автаж, бага насны хүүхэд амиа алдсан тохиолдол байдаг.
Хот, суурин газрын айлууд хашааныхаа цасыг арилгахгүйгээс тэр нь хайлж, ус урсахаар “Шар усны үерт автчихлаа” гэж онцгой байдлынханд дуудлага өгөх нь цөөнгүй. Тиймээс айлууд хашааныхаа цасыг цэвэрлэн, ус урсан орж ирэх магадлалтай газарт хамгаалалт, далан хийх хэрэгтэй.
Нийслэлчүүдийн хувьд шар усны гэлтгүй үерт автах эрсдэл өндөр. Орон нутагт ч мөн ялгаагүй. Малчид уулын нөмөр бараадан өвөлждөг. Өвөлжөөнөөсөө нүүгээгүй айлууд аадар бороо орохоор үерт автчихдаг. Шар усны үерт мөн л уулын ам, бэлд суурьшиж байгаа айлууд өртөх нь бий.
-ОБЕГ-аас шар усны үерт автах эрсдэлтэй айл өрхүүдийг судалж, сэрэмжлүүлдэг үү?
-Холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран сэрэмжлүүлэг хүргэдэг. 2015 оны байдлаар 3000 гаруй айл үерийн аманд суурьшсан гэсэн судалгаа бий. Бид улирлын онцлогт тохируулан сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэдэг.
Хэдийгээр урин цаг ирж буй ч хэд хэдэн аймаг зудтай, өвөлжилт хүндэрсэн байдалтай хавартай золголоо. Тиймээс зудтай байгаа аймгийн малчдад анхаарч ажиллаж байна. Хаврын улиралд цас орох, шуурах зэргээр температурын хэлбэлзэл ихтэй байдаг.
Энэ байдал цаашид үргэлжлэх учраас илүү анхаарч байгаа. Шар усны үер гэлтгүй, бусад гамшиг ослоос сэргийлэх талаар сургалт зохион байгуулж байна.
-Томоохон гол, мөрөн дээгүүр халиа үүсэж, айлууд усанд автсан байсан. Үүнийг тодруулахгүй юу?
-Голын ус доошоо их хөлдөхөөр гүний усны урсац эргээр халих тохиолдол цөөнгүй гарсан. Ховдод хэд хэдэн удаа халиа үүсэж, голын ойролцоох айлууд усанд автсан. Өнгөрсөн жилүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Завханы Солонготын даваа орчмын голын ус эргээс хальж, айлууд усанд автан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байсан.
Ч.БОЛОРТУЯА
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Танай аймаг хэр цастай вэ. Хавар шар усны үер буух төлөвтэй байна уу?
Б.МЯГМАРСҮРЭН (Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч):
-Манай аймгийн нийт нутаг цастай байна. Хангайн 11 сум цагаан зудтай, цас 5-50 см зузаан.
Гэхдээ манай аймагт шар усны үер бараг болдоггүй. Бид гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр иргэддээ шар усны үерийн аюулын тухай сургалт, сурталчилгаа хийж, сэрэмжлүүлдэг. Одоогийн байдлаар цаг агаар хүйтэн байна. Удахгүй хүйтний эрч чангарах мэдээлэл ирсэн.
Х.УРГАЦ (Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн):
-Энэ жил манай аймагт цас их орлоо. Цасны зузаан 22-25 см байна. Нутгийн ихэнх хэсэг уулархаг, цас ихтэй болохоор шар усны үер болох магадлалтай. Ялангуяа Өлгий, Бугат, Баяннуур, Улаанхус зэрэг суманд өмнө нь ч шар усны үер болж байсан. Одоохондоо хүйтний эрч хэвэндээ байгаа болохоор цас, мөс хайлж эхлээгүй байна.
Ч.УУГАНБАЯР (Завхан аймгийн Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч):
-Арваннэгдүгээр сараас өнөө хүртэл их, бага хэмжээгээр 47 удаа цас орж, олон жилийн дунджаас ахиу тунадас уналаа. Дундаж цасны зузаан 2-40, хунгарласан газартаа 20-50, гуу жалгандаа 30-70 см болж хөрлөж хатууран, цасан дор мөсөн ул тогтсон байна.
Нэгдүгээр сард хүйтний эрч эрс нэмэгдэж, ихэнх нутгаар 40-46, Отгон, Цэцэн-Уул сумын нутгаар 50-53 градус хүрч хүйтэрсэн. Одоохондоо цаг агаар дулаараагүй, цас мөс хайлаагүй болохоор шар усны үер болох, болохгүйг хэлэх боломжгүй байна.