Аар шаархан зүйлээс болж арав гаруйхан настай хүүхдүүд амиа хорлож байхад өөр нэг газар хэн нэгэн ганц хором ч болтугай амьдрахын тулд үхэлтэйгээ тэмцэлдэж байна. Хүний ертөнцөд байдаг л зүйл. Гэхдээ хүмүүс яг хэзээ, хэдэн цагт бурхны оронд буцахаа мэддэггүй ч энэ хорвоогоос бүрмөсөн явахдаа сэтгэл хангалуун, ямар нэгэн зүйлд хоргодохгүй байхыг хүсдэг биз ээ.
Тиймдээ ч эмээ өвөө, аав ээжүүд “Хүүхдүүдээ зовоож, хүний гарт л нүд анихгүй юмсан” гэж хэлдэг байх. Бидний ярьдгаар үхэх өвчин туссан, хоногоо хүлээж буй олон хүн хаа нэгтээ өвчиндөө энэлж буй нь гарцаагүй.
Тэдгээр хүмүүсийг эцсийн амьсгал авах хүртэл ямар ч өвчин шаналгаагүй, сэтгэл тайван байлгадаг ганц газар нь Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв юм. Товчхондоо, өвчин нь эцсийн шатандаа орчихсон, ямар ч эмчилгээгүй гэгдсэн хүмүүсийн амьдрах хугацааг бага ч болов уртасгах нэг арга нь энэ.
Ийм эмчилгээ, үйлчилгээ явуулдаг тасаг манай улсад гарын арван хуруунд тоологдохуйц цөөхөн. Хувийнх нь гадаадын хөрөнгө оруулалттай (4-5), хүмүүнлэгийн үйлс нэрээр харийн шашинаа шүтэхийг тулгадаг гэмтэй. Харин монгол хүмүүс монголчууддаа тусалж, өвдөж зовсон нэгнээ өргөж асардаг газар нэг байна.
Сүхбаатар дүүрэг дэх Дамбадаржаа, Тоосгоны үйлдвэр явах зам дагуу хоёр давхар, улаан модон байшин үзэгдэх нь “Найдвар хоспис” эмнэлэг юм. 420 гаруй ам метр талбайтай, 15 ортой тус эмнэлэгт найман хүн хэвтэн эмчлүүлж буйн дөрөв нь элэг, бусад нь ходоод, нойр булчирхайн хорт хавдартай.
Тэд энд 24 цагийн турш асарч, сувилуулдаг. “10 орчим жилийн өмнө 55-65 настай хүмүүс хавдар тусах нь олон байсан бол одоо 30-50 настай, хийж бүтээх ид үе дээрээ хүнд өвчинд нэрвэгдэх болсон нь харамсалтай.
Энэ нь хавдар залуу хүнд ч тусдаг, хэнийг ч ялгахгүй болсныг харуулна” гэж “Найдвар хоспис” эмнэлгийн захирал Б.Бүрэнжаргал хэлэв. Тэрбээр 2005 оноос тус эмнэлэгт (төрийн бус байгууллага байхаас нь) эмчээр, 2010 оноос захирлаар нь ажиллаж буй юм билээ. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсээс инээд наргиан хайна гэдэг хэцүү ч эндхийн үйлчлүүлэгчид магнай тэнэгэр, сэтгэл санаа хачин өөдрөг юм.
Өвчтөн Б “Элэгний хорт хавдартай, өвчин нь IV шатандаа орсон тул ямар ч эмчилгээ байхгүй” гэсэн эмчийн үгэнд сэтгэлээр маш их унан, амьдрах ямар ч эрмэлзэлгүй болжээ. Бүгдийг үзэн ядаж, сав л хийвэл хэн нэгэнд буруу өгч, өвчин шаналлаа даалгүй эцэстээ нойр, хоолноос ч гарч, “Ингэж тарчилж байснаас хурдхан шиг үхэх минь” гэж бодож байсан түүнийг юу ингэтлээ өөрчилсөн нь сонин.
“Одоо надад энэ хорвоогоос явахад харамсаад байх зүйлгүй ээ. Үр хүүхдэдээ захиасаа хэлчихсэн, байгаа хэд гурван юм аа ч хуваагаад өгчихлөө. Уулзах ёстой хүмүүстэйгээ ч уулзсан. Зарим нэгнээс нь уучлалт хүртэл гуйсан шүү.
Хамгийн гол нь ямар ч өвдөлт мэдрэхгүй, сэтгэл санаа амар амгалан байна” гэж ярьсан үйлчлүүлэгч Б-гийн нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа. “Цагаа тулахаар хүн гэдэг сэтгэлийн асар их тэнхээтэй. Үхэхдээ хүртэл өөрийгөө бэлдэж чаддаг юм байна” гэсэн бодол эрхгүй төрөв.
Монголын эмч нарын үүсгэн байгуулсан, сайн үйлсийн “Эрхэм үйлс” нийгэмлэгийн дэргэд 2003 онд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан “Найдвар хоспис”-ынхон анхандаа хүнд өвчтэй хүмүүсийг гэрээр нь үнэгүй эмчилж, үйлчилдэг байж. Хүнийг хүн ёсоор нь хайрлаж, дээдэлдэг энэ үйлчилгээ дэлхий дахинд 1950, Монголд 2000 оноос нэвтэрсэн гэдэг.
Б.Бүрэнжаргал эмч “Биднийг өвчтэй хүмүүсийг гэрээр асарч сувилдаг байхад ар гэрийнхэн нь байнга санал тавьдаг байсан. “Танай эмчилгээ, үйлчилгээ бидэнд их нэмэр болж байна. Ээж аав маань урьд шөнө ер өвдсөнгүй, бөөлжсөнгүй. Цус ч алдсангүй. Танайд ор бий юү. 24 цагаар асруулмаар байна” гэнэ.
Тухайн үед бид байр түрээсэлдэг байсан юм. Хоёр, гурав гэсээр таван ор тавьж, хүмүүсээ хүлээж авч эхэлсэн дээ. Сүүлдээ асаргааны байр биш, нийслэлээс тусгай зөвшөөрөл гаргуулж, 15 ортой эмнэлэг болгон өргөжүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд 4500 гаруй өвчтөнд үйлчилжээ. Одоо орон нутаг, нийслэлийн зургаан дүүрэг, ХСҮТ-ийнхөнтэй хамтран ажиллаж байна. 2007 оноос хүнд өвчтэй хүүхдүүдийг асарч эхэлсэн. Цус, тархины хавдартай, тархины саа, саажилттай 120-иод хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийсэн” гэв.
Өнөө үед хүний гэх тодотголтой элдэв эрх ямбанаас болоод өвчтөний оношийг ч нууж хаалгүй, шууд хэлчихдэг болсон. Нэг талаар энэ нь зөв ч нөгөөтэйгүүр хүнд өвчтэй хүмүүсийг огт бодохгүй байгаа хэрэг. “Эмчилгээгүй, дахиж битгий ир, найдваргүй” гэсэн үг сонссон хүмүүс сэтгэл санаагаар шууд унаж, хоол унднаас гаран, тэнгэр хөмөрсөн мэт болдог гэж “Найдвар хоспис” эмнэлгийнхэн хэлж байсан.
Тэд “Монгол үгсийн санд “эмчилгээгүй” гэсэн үг байхгүй. Илаарших боломжгүй хүнд ч эмчилгээ шаардлагатай байдаг” гэж ярьсан. Эднийх улсаас, эсвэл Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, дэмжлэг авч байгаагүй. Харин гадаадад ийм үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад нийт санхүүжилтийнх нь гуравны хоёрыг төсөвлөж өгдөг юм билээ. Үлдсэн нэг хувиа өөрсдөө хандиваар цуглуулдаг.
Гэсэн ч “Найдвар” эмнэлгийнхэн стандартын дагуу эмчилгээ хийж, үйлчлүүлэгчдээ “Парацетамол”, “Морфин”-оор нь таслаагүй. Түрээсийн байранд толгой хоргодож байсан ч саяхан гайхамшиг тохиож, тэд өөрийн гэсэн байртай болжээ.
Монголын “Ротари” клуб Б.Бүрэнжаргал эмчийн 10 гаруй жилийн уйгагүй, бусдын төлөөх зүтгэлийг үнэлэн, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015 онд олон улсын “Ротари” хөдөлгөөний хүмүүнлэгийн шагнал болох “The ONE”-д Монгол Улсаас нэрийг нь дэвшүүлжээ. Тэгтэл Хонконгод болсон уг шалгаруулалтад Б.Бүрэнжаргал хоёрдугаар байрт шалгарч, 50.000 ам.доллараар шагнуулснаар тэд эмнэлгийн байр худалдан (багахан өр бий гэсэн) авсан юм билээ.
“The ONE” хэмээх шагнал нь дэлхийн улс орнуудад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж буй олон сая хүнээс өөрийн амьдралаа энэ үйл хэрэгт зориулсан, өдөр бүр бусдад тусалж амьдардаг ч төдийлөн олонд танигдаагүй хүмүүсийг тодруулдаг аж. Б.Бүрэнжаргал эмч энэхүү шагналыг хүртсэн Монголын анхны сайн үйлстэн болсон байна.
Тэрбээр “Мөд эдгэхгүй өвчин туссан ч хүн өвдөж шаналах ёсгүй. Хавдар бол эд, эс эвдэрч, задарч буй үйл явц учраас хүнийг маш их тарчлаадаг. Гэтэл манайхан “Аав ээж, ах хавдартай” гээд өвчинтэй нь эвлэрчихдэг. “Яах ч аргагүй. Хавдартай учраас л өвдөж байгаа” гэдэг. Заавал өвдөх ёстой юм шиг ярьдаг нь ёстой л өнөөх хүний эрх зөрчиж байгаа хэрэг.
Бид шүд жаахан өвдөхөд тэсэж чадахгүй, яаралтай арга хэмжээ авдаг шүү дээ. Яг үүн шиг хавдар, эсвэл бусад өвчин нь эцсийн шатандаа орсон өвчтөнүүдэд богино хугацаанд өвдөлтийг нь намдаах менежмент хэрэгтэй. Тэгтэл өвчтэй хүнийг хөмсгөө зангидан, шүдээ зуугаад буруу хараад хэвтчихээр тусгаарлаад эхэлдэг нь буруу. Тэднийг өвдсөн биш, тамын тогоонд уначихсан юм шиг байлгаж болохгүй.
Яах ёстой вэ гэхээр хөнгөвчлөх эмчилгээнд хамруулах хэрэгтэй. Хүмүүс үүнийг мэддэггүй, буруу ойлгоод байдаг. Зарим нь “Хөнгөвчилнө гэхээр тариа хийгээд өвтгөхгүй нүд аниулдаг юм уу” гэж асуудаг. Эл эмчилгээг нэг, хоёр, 3-6 сар, түүнээс дээш хэдэн ч жил амьдрах хүмүүст хийж болно.
Эмч нарын хэлсэн хугацаанаас урт насалсан нь ч бий. Тэднийг сүүлчийн замд үдэх хүртэл найз нөхөд, ахан дүүс, албан газрынхан нь хүн ёсоор хайрлаж, халамжилтал бид үйлчилдэг. Манайд эмч, сувилагч, асрагч нараас гадна нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажилладаг. Учир нь хөнгөвчлөх эмчилгээний 60 хувь нь сэтгэл засал байдаг.
Үйлчлүүлэгчээ аль болох шингэн алдуулахгүй, өвтгөхгүй, яавал нойртой хонуулах вэ, яавал сэтгэлээр дэмжих вэ гэж хичээдэг. Энэ бүхнийг хөнгөвчлөх эмчилгээний хүрээнд цогцоор (зургаан шатлалаар) нь хийдэг. Та тэд хоног, сарын дараа нас барна гэж шууд хэлэх нь аймшигтай.
Шатлалын дагуу эмчлэх ёстой. Нэг удаа ярилцана. Хоёр, гурав дахиа асууж, зөвлөлдөнө. Үүний дараа “Та өвчнийхөө тавилан, хугацааг мэдэхийг хүсэж байна уу, бэлэн үү” гэнэ. Нөгөө хүн өөрөө хүсэж, бэлэн болсон үед нь л хэлэх хэрэгтэй. Тэдэнд үлдсэн хугацаанд нь хийх ёстой, амжуулах ажлууд зөндөө байдаг. Ийм хугацаа өгөхгүйгээр хүнийг үгээр алж болохгүй. Сэтгэл гэдэг агуу” гэж ярьсан юм.
“Найдвар хоспис” эмнэлэг хэвтрийн өвчтөнийг сахиургүй, 24 цагаар асардаг юм билээ. Үр хүүхэд цөөн, эцэг эхээ удаан хугацаанд асарсан хүмүүст энэ үйлчилгээ их таалагддаг гэсэн. Түүнчлэн Б.Бүрэнжаргал эмч өвчтөнүүдийнхээ нэр хүндийг өргөх эмчилгээ хийдэг.
Энэ нь тухайн хүн хэдэн онд, хаана төрсөн, юу хийж байсан, ямар гавьяа байгуулсан, юунд дуртай, юугаар бахархдаг гээд мөрөөдөл, бага насны дурсамжийг нь нэг бүрчлэн яриулж, хамгийн сүүлд захиасыг нь авдаг. Үйлчлүүлэгчийнхээ ярьсан, хэлснийг гэр бүлийнх нь гэрэл зурагтай хамт ном болгон, өвчтөндөө бэлэглэдэг юм байна. Тэгэхдээ өөрсдийнх нь хүсэлтээр номыг нь нэрлүүлдэг аж.
Тухайлбал, “Сэтгэлийн үг”, “Бахархал”, “Хайр” гэж нэрлэх нь олонтаа. Бүрнээ эмч 50 орчим үйлчлүүлэгчдээ зориулж “сэтгэлийн” ном бичиж, үүнийгээ судалгааны ажилдаа ашиглаж буй гэсэн. 1994 онд ээжийгээ элэгний хорт хавдраар алдсан тэрбээр хүнд өвчтэй хүмүүст ийн сэтгэлээсээ тусалж явдаг аж.
О.БАТ-УНДРАХ