Баянгол дүүргийн II хорооны нутаг, Баруун дөрвөн зам дахь “Гранд плаза” төвийн цахилгаан шат ажиллагаагүй болж унаснаас дотор нь зорчиж явсан долоон хүн гэмтжээ. Энэ осол өчигдөр 17.40 цагийн үед болсон бөгөөд цахилгаан шат наймдугаар давхраас доош В2 буюу зогсоол руу унасан байна. Ослын газарт цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчид үзлэг, шалгалт хийж, гэмтэгсдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн аж. Урьдчилсан байдлаар цахилгаан тасарнаас шатны тоормос ажиллан зуурч унасан гэдгийг тогтоогоод буй гэнэ. Эмнэлэгт хүргүүлсэн долоон иргэнээс нэгийнх нь хөл бэртсэн, бусдад нь ямар нэг гэмтэл тогтоогдоогүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайн цаг хугацаанд Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг, Баруун дөрвөн зам, Бөмбөгөр, Жуулчны гудамж хавиар цахилгаан үе үе тасарсан юм.
Д.Дайчин