Пакистаны умард мужуудаар үргэлжлэн орсон борооны улмаас буусан үерийн уршгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо өчигдрийн байдлаар 1100 хүрээд байна гэж Ройтерс агентлаг уламжлав. Аврагчид усанд хашигдсан 27.000 хүнийг аврахаар ажиллаж байгаа ч бороо татрахгүй байгаа нь бэрхшээл учруулж байна.
Ялангуяа тус улсын Кубер-Пахтункуа мужид сүүлийн олон арван жил болоогүй үер буугаад байна. Гамшигтай тэмцэх тус бүс нутгийн газрын дарга Латиф Рехман “Агаараас авсан зургаас үзэхэд бараг бүх тосгон усанд автаж, хөдөө аж ахуй тэр чигтээ сүйрч, хүнсний агуулахууд усанд автсан.
Бодит байдал дээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо хавьгүй их байж магадгүй” гэжээ. Одоогоор аврах ажиллагаанд 43 нисдэг тэрэг, 100 гаруй завь, 30.000 цэрэг дайчлагдаад байна. Дан ганц Сват мужид гэхэд л 14.600 байшин, 22 сургууль усанд живж, 400 хүний цогцос олдоод байгаа бөгөөд сураггүй болсон хүмүүсийн тоо 200 хүрчээ.
НҮБ-ын тооцоогоор умард мужуудад нийтдээ нэг сая хүн их бага хэмжээгээр үерийн улмаас хохирол амсаад байгаа юм. АНУ олон мянган боодол хүнсний зүйл, гурил, хоёр аврагч завь, усанд шумбагчдын хоёр багийг тус бүс нутагт илгээгээд байгаа ч байдал улам ноцтой болж буйд сэтгэл түгшиж буйгаа Пакистаны Засгийн газар илэрхийлээд, тусламж хэрэгтэй байна хэмээн Олон улсын хамтын нийгэмлэгт хандлаа.
О.ТОГОО