“12 настай, 28 кг жинтэй, өнгөрсөн онд аймаг, бүсийн наадамд 15 удаа айрагдаж, түрүүлж байсан хүүхэд байна. Сонирхож байгаа хүн холбогдоно уу. 017 дугаартай” гэсэн зарлал фэйсбүүкийн Залуу уяачдын группт байх юм. Хүний наймаа юу гэлтэй хачин зарлал морины хүүхдийг үнэ хаялцан худалдаж авдаг увайгүй байдлыг илчилнэ.
Эрт үеэс монголчууд морио уралдуулж, бөхөө барилдуулж, эрхийн мэргэн харваачид нь цэцээ сорьж ирсэн уламжлалтай. Эрийн гурван наадам хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд наадам нэрийн дор багачуудынхаа эрүүл мэнд, эрдэнэт амиар “нааддаг” болсон. Ялангуяа хурдан морины хаврын уралдаанд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байна.
Энэ тухай хэвлэл мэдээллээр улиг болтол бичиж, ярьдаг ч эрх баригчдаас үүнд анхаарч, дорвитой өөрчлөлт хийсэн ажил алга. 2012 оноос морины хүүхдийг хамгаалалтын малгай, хувцастай уралдуулдаг болсныг эс тооцвол.
Ингэлээ гээд хүүхэд гэмтэж бэртэхгүй, амиа алдахгүй байвал сайхан. Гэвч сунгаа, давхилын үед нүдний шил зүүх нь бүү хэл хамгаалалтын малгай, цээживч, өвдгөвч, тохойвч, гуталгүйгээр уралдах нь элбэг.
“Би морины хүүхэд. Монгол хүн мориноос унаад үхдэггүй юм” гэх хүн цөөнгүй ч бодит байдал дээр олон хүүхэд мориноос унаж амиа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсоор байгаа нь үнэн.
ХЭҮК, Эрх зүйн судалгааны төв, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллага хамтран гаргасан “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайланд дурдсанаар 2012-2014 оны хооронд зургаан хүүхэд хурдан мориноос унаж амиа алдан, 941 хүүхэд бэртжээ.
Хаврын тэргүүн сар гарав уу, үгүй юү хурдан морио уралдуулж эхэлдэг. Төвийн бүсийн хаврын уралдаан буюу “Дүнжингарав-2016”-г энэ сарын 28-нд Төв, Хангайн бүсийнх ирэх сарын 6-нд Өвөрхангай аймагт зохион байгуулахаар товложээ. Үүнээс урьтаж аймаг, сумынхан хурдан морио уралдуулж буй.
Харин Хөвсгөл аймгийн Засаг дарга “Хүйтний эрч сулрахгүй хатуухан хавартай золгож буй учраас морь уралдуулах нь хүндээ ч, малдаа ч хатуудна” гэж үзээд 2016 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.
Мөн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас Морин спорт, уяачдын холбоо, сумдын Засаг дарга нарт “Өвөл, хаврын морины уралдааныг хориглох тухай” мэдэгдэл хүргүүлжээ.
Мэдэгдэлд морины хүүхдийн эрүүл мэнд, амь, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах ажил учир дутагдалтай төдийгүй хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандартыг биелүүлдэггүй, хүүхэд болон морины эзэн, эцэг эхийн хооронд гурвалсан гэрээ байгуулдаггүй зэрэг зөрчил шалгалтын явцад илэрсэн.
Өнгөрсөн оны өвөл, хаврын хурдан морины уралдааны үеэр хүүхдүүд осгож хөлдөх, мориноос унаж гэмтэх зэрэг эрсдэл их гарсныг дурджээ.
Манай улсад 569 хууль (2015 оны есдүгээр сарын) хүчин төгөлдөр хэрэгжиж байгаагаас 80 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байна.
Гэвч морины хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлээгүй, тэдний эрх зөрчигдсөөр буй нь хуулийг хэрэгжүүлэхгүй, хяналт тавихгүй байгаатай холбоотой. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8.1 дэх хэсэгт “... Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно” гэжээ.
Энэ хуулийн заалт эсрэгээрээ хэрэгжиж байна. Нимгэн хувцастай багачууд хавсарга салхи, хүйтэн жаварт хацраа хайруулж, хуруугаа хөлдөөж зарим нь амиа алдан байж хэсэг хүнийг баясгаж, баяжуулсаар байгааг юу гэх вэ.
Уясан морь нь мөсөн хуягтай болж, унасан хүүхэд нь нус, нулимс, шавар шавхайтай зууралдсан дүр төрхийг хараад сэтгэл сэргэх биш, эмзэглэдэг шүү дээ.
Монголчууд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийдэг байсан. Тиймээс Үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сард л морь уралдуулахаас хахир хаврын улиралд хүүхэд, морь зовоохоо болихыг олон хүн хүсэж буй.
Манай улсад 2015 онд гарсан судалгаагаар жилд давхардсан тоогоор 40 мянга орчим хүүхэд хурдан морь унадаг гэсэн дүн гарчээ. Тэдний олонх нь 7-10 насныхан. Ийм насны хүүхдүүд гэнэтийн тулгарах эрсдлийг даван туулах чадвар сул байдаг аж.
ХӨЛС АВЧ МОРЬ УНАХ НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ХЭРЭГ
Хүүхдүүд сонирхлоороо морь унахаас илүү хөлс авч уралдах нь олширсон. Овооны, сум, аймаг, улсын наадамд уралдах, эсэхээс шалтгаалан морины хүүхдийн өртөг өөр байдаг гэнэ. Мөн унасан морь нь айрагдсан тохиолдолд ашиг хүртдэг аж.
Тухайлбал, морио унуулж байгаа хүн 250.000-400.000 төгрөг хүүхдэд өгнө. Аймгийн наадамд айрагдвал хүүхэд өөрөө бай шагналаа авч, эхний 10-т багтвал 70.000-80.000 төгрөг хүртдэг аж. Үүнээс үзэхэд хөлс авч морь унаж байгаа нь хөдөлмөр эрхэлж буйн нэг хэлбэр яах аргагүй мөн.
Тэгвэл хөдөлмөр эрхлэх, тэр тусмаа тэвчишгүй хөдөлмөр эрхлэхэд хэдэн наснаас эхлэх вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” тайлангийн судалгаанд 529 хүүхэд оролцсоноос 124 буюу 23.4 хувь нь хөлсөөр хүний морь унадаг гэж хариулжээ.
Гэхдээ судалгаанд оролцсон бусад газрын хүүхдүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотын Хан-Уул болон Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумын хүүхдүүд мөнгөөр морь унадаг гэж түлхүү хариулсан байна. Тиймээс хавар хүүхдээрээ хурдан морь унуулж, хөлс мөнгөөр нь амьжиргаагаа залгуулж байгаа эцэг эх, асран хамгаалагчид хариуцлага тооцох тухай зөвлөмжийг судалгааны багийнхан гаргажээ.
МАШИН УРАЛДАЖ БАЙНА
Морь биш, машин уралдаад байна уу гэмээр дүр зургийг наадмаас харж болно. Саяхан болсон хаврын нэг наадамд 60 гаруй соёолон, 50 машин уралджээ. Үнэхээр мориноосоо олон машин холхиж, тэр хавийг тоос шороогоор булж орхидог. Ялангуяа хаврын уралдаанд цасыг бүрэн гүйцэд цэвэрлэж зам гаргаагүй, хэт нарийнхан зам гаргаснаас хүүхэд унаж, морьдын хөлд гишгүүлэх аюултай.
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн олонх уралдааны замаас болж унаж, бэртэх нь их байдаг гэжээ.
Тиймээс “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны багийнхан морин уралдааны замаар зөвхөн эмнэлэг, цагдаа, зохион байгуулагчид болон хэвлэл мэдээллийнхний авто машинаас өөр тээврийн хэрэгсэл явуулахгүй байх талаар Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт оруулах тухай зөвлөмж гаргажээ.
Тус судалгааг ахалсан хууль зүйн доктор, Монголын хууульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
Б.ГҮНБИЛЭГ: ХАВАР ХУРДАН МОРЬ УНАХ НЬ ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭР
-Монголд хэрэгжиж буй хуулиудын 80 орчим нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой ч үр дүнгээ өгч буй ховор санагдах юм. Хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь юу бол?
-Эдгээр хуулийг бүрэн хэрэгжүүлж чадвал хүүхдэд өгөөжөө өгнө. Гэхдээ Монгол Улс өөрийнхөө боломж чадавхийг бүрэн тодорхойлохгүйгээр Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах 182 дугаар конвенц, Насны доод хязгаарын тухай конвенцод нэгдэн орсон ч түүгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, хэрэгжүүлж чадахгүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо ч сайн бэхжээгүй.
-Хурдан морины хаврын уралдааныг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзэж буйн шалтгаан юу вэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц ёсоор хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй учир энэ нь аюултай хөдөлмөр болж байгаа юм.
-Хурдан морины уралдааныг төрт ёсны болон ахуйн чанартай гэж хэрхэн ангилж үзэв. Ингэж ангилж зохицуулах шаардлага байгаа юм уу?
-Уламжлал түүхээ барьж, зохион байгуулалттай, төр засгийн байгууллагаас шийдвэр гаргаж уралдуулж байгааг төрт ёсны гэж байгаа юм. Ахуйн гэдэг нь малчид хоорондоо морины ажил, сойлго хийхийг хэлнэ.
Үүнээс гадна мэргэжлийн спортын төрөл гэж бий. Хүмүүс бооцоо тавьж, уяач нь цалин авдаг. Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл боловч өвөл, хаврын улиралд зохион байгуулах нь төрт ёсны уламжлал гэж үзэх үндэслэлгүй.
Хавар морь уралдуулснаар хүүхдийн эрүүл мэнд төдийгүй хичээл завсардах зэргээс боловсролд нь сөргөөр нөлөөлж байгаа юм.
Олон улсын өмнө амлалт өгч, конвенцуудад нэгдэн орохдоо өөрсдийн чадавх, үндэсний уламлжлалыг зарим талаас хангалттай бодож үзээгүй. Манай улс бүх төрлийн конвенцод нэгдэн орсон ч амлалтдаа хүрэх нөөц бололцоогоо сайн бодолцоогүйн нэг жишээ нь морины хүүхдийн асуудал.
-“Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайланд эрх зүйн хувьд шинэчлэх олон асуудал багтаажээ. Үүнийг эрх баригчдад хүргүүлсэн үү?
-Засгийн газар болон Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Гэхдээ бид зуны уралдааныг огт хөндөөгүй. Хаврын уралдаан эрсдэл дагуулж байгаа учраас үүнд анхаарах ёстой.
Тухайлбал, морины хүүхдийн эрхийн эрх зүйн байдлыг тодорхой болгож, олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс хурдан морь унахад тохиромжтой насыг зааж, хаврын уралдаанд 18-аас дээш насныхан оролцдог шинэ төрлийн спорт бий болгож болно шүү дээ гэлээ.
Бие хөнгөн, сэргэлэн цовоо, аймаг сумандаа айрагдаж, түрүүлж байсан бол бүр ч илүү үнэ хэлж, “худалдаж авдаг”, авсан хүүхдээрээ тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлдэг энэ байдлыг халах цаг болжээ.
Ч.БОЛОРТУЯА