БОНХАЖЯ-ны Озоны үндэсний алба, Байгаль орчны “Эко Ази” дээд сургуулийн захирал, байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оролцогч талуудын 21 дүгээр бага хурал Францын Парис хотод өнгөрсөн оны сүүлчээр болсон. Дэлхийн дулааралтай тэмцэх олон улсын бодлого энэ хурлаар өөрчлөгдлөө гэж дүгнэж байна. Бодлого хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Энэ хуралдаанаас үр дүн гарах болов уу гэсэн хүлээлт их байсан. Найман жилийн өмнө Финландын нийслэл Копенгаген хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын ээлжит бага хурал болж, хүлээсэн үр дүнд хүрээгүй юм. Дэлхийн олон орон хамтран тохиролцож, аливаа нэгэн асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхэд их төвөгтэй байдаг.
Зарим зүйлийг түүхчилэн ярья. Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын талуудын гуравдугаар бага хурал 1997 онд Японы Киото хотод болсон. Энэ хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг миний бие тэргүүлэн оролцож байлаа.
Тус хурлаар Киотогийн протоколыг хэлэлцэж баталсныг бид мэдэж байгаа. Тухайн үед ОХУ, АНУ тэргүүтэй зарим орон дэлхий нийтийн ач холбогдолтой, хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээхээс үндсэндээ татгалзаж байлаа. Учир нь тэдгээр орон олон улсын өмнө үүрэг хүлээхэд эдийн засагт нь нэмэлт хөрөнгө оруулалт ихээр шаардана гэж үзсэн хэрэг.
Үүнээс болж тэр үед Киотогийн протокол гаргаж чадахгүй байх нөхцөл ч үүсэж байсан. Японы Ерөнхий сайд Р.Хашимотогийн ихээхэн хүчин чармайлтын үр дүнд талууд харилцан ойлголцолд хүрч, протоколыг баталсан юм.
Протоколоор хуралд оролцсон орнууд, ялангуяа өндөр хөгжилтэй улсууд хүлэмжийн хийгээ 2012 он хүртэл дунджаар таван хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Жишээ нь, Япон улс найман хувиар бууруулах үүрэг хүлээж байлаа. Энэ протокол 2020 он хүртэл хүчинтэй.
2020 оноос хойш ямар бодлого баримтлахыг Парист өнгөрсөн онд хэлэлцлээ. 21 дүгээр хуралдааны эхэнд Францын Засгийн газар санаачилга гаргаж, дэлхийн 150 орны төр, засгийн тэргүүнүүдийг урьж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээрийг дэмжих талаар бараг “ам алдуулсан”.
Энэ үеэр улс орон бүрийг их, бага хэмжээгээр тодорхой үүрэг хүлээлгэх санаагаа цухалзуулсан юм. Ингээд талуудын бага хурал ихээхэн маргаан тэмцлийн үр дүнд хөгжилтэй болон хөгжиж буй улс орон бүр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг хүлээхээр тохиролцож, Парисын хэлэлцээрийг баталж гаргасан нь том амжилт болсон.
-Копенгагены хурлаас яагаад үр дүн гараагүй юм бэ?
-Найман жилийн өмнө Копенгагенд “Өндөр хөгжсөн орнууд олон жилийн хөгжлийн явцдаа уур амьсгалын өөрчлөлт бий болгосон учраас хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээх ёстой” гэж хөгжиж буй орнууд үзсэн. Ингэж хоёр тал болж ихээхэн маргалдаад нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй.
Харин Парисын хуралдаан үүнийг даван гарлаа. Гэхдээ хүлэмжийн хийн 55 хувийг ялгаруулдаг 55 орны парламент баталсан тохиолдолд Парисын хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм. Хуралд 195 орон оролцсон.
Хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг АНУ, Хятад, Бразил, Энэтхэг, ОХУ зэрэг гол гол улс орноор батлуулах гээд байгаа хэрэг шүү дээ. 2020 он хүртэл хэлэлцээрийг улс бүрийн парламентаар батлуулах үйл явц үргэлжилнэ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд НҮБ-ын төв байранд Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагааны нээлт болно. Гарын үсэг зуруулах үйл ажиллагаа бүтэн жил үргэлжилнэ.
Гарын үзэг зурж, тухайн улс хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлэх юм. Үүний дараа улс орнууд буюу талууд парламентаараа батламжлах ёстой.
-Хөгжилтэй орнууд хүлэмжийн хий их ялгаруулдаг гэсэн ерөнхий ойлголттой байна. Тухайлбал, аль улс хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулж байна вэ?
-АНУ, БНХАУ, Бразил, ОХУ, Энэтхэг, Япон дэлхийн хүлэмжийн хийн дийлэнхийг ялгаруулдаг. Эдгээрийн дотроос БНХАУ, Бразил, Энэтхэг бол хөгжиж буй орон. Хөгжиж буй орнууд ч хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулж байгаа учраас 2020 оноос хойш өндөр хөгжилтэй орнуудтай нэгэн адил үүрэг хүлээхээр болсон.
Монгол Улс ч гэсэн үүрэг хүлээнэ. Парисын хэлэлцээрийн гол ололт энэ. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр хүлэмжийн хийтэй хамтран тэмцэж, дулаарлыг сааруулахаар тохирсон хэрэг.
-Дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээчихлээ. Одоо хэрхэн бууруулах арга замаа олох нь хамгийн чухал. Үүнтэй та санал нийлэх үү?
-Яг тийм. Парисын хурлаас бүх улс оронд дэлхийн дундаж температурыг 1.5 хэмээс илүү нэмэхгүй байх талаар тодорхой, бодитой хувь нэмэр оруулах үүрэг хүлээлгэсэн. Мөн 2020 он гэхэд 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Карбоны ногоон сан” бий болгохоор тогтоод байгаа.
Энэ сангийн хөрөнгийн дийлэнхийг өндөр хөгжсөн орнууд гаргах юм. Сангийн хөрөнгийг хүлэмжийн хийг бууруулах зорилготой гурван арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, газрын менежментийг сайжруулж, ойжуулах, ойг хамгаалах, усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Хоёрдугаарт, цэвэр технологи бий болгохыг зорино.
Нүүрс шатаадаг биш, нар, салхи, усны эрчим хүч, газрын гүний дулааныг ашигласан цахилгаан станц барих зорилт үүнд багтаж байгаа. Гуравдугаарт, улс орнууд хамтарсан төсөл хэрэгжүүлэх юм.
Хүлэмжийн хийг бууруулах боломжгүй орнууд өөр улсад төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийгээ бууруулж болно. Жишээ нь, япончууд Монголд нар, салхины цахилгаан станц бариад түүнийгээ хүлэмжийг хийг бууруулсан манай төсөл гэж бүртгүүлэх боломжтой.
-Дулаарлаас шалтгаалаад дэлхийн эдийн засгийн харилцаанд өөрчлөлт орох нь ээ.
-Тэгнэ. Хамгийн ойрын жишээ авъя. Хятадын дарга Си Зиньпин хүлэмжийн хийг 26-28 хувиар бууруулахаа амласан. Хятадууд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа хаах бодлого баримталж эхэллээ.
Нүүрсээр ажилладаг цахилгаан станц маш их нүүрсхүчлийн хий ялгаруулж, хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг. Өмнөд хөршийнхөн салхин цахилгаан станцын төсөл олныг эхлүүлж байна. Мөн манай улсад нүүрсээр галладаг, өндөр хүчин чадалтай цахилгаан станц барихаар болсон.
Монголд цахилгаан үйлдвэрлээд дамжуулах шугамаар авах гэж байна. Ингэхээр хүлэмжийн хий нь манайд үлдэж байгаа юм. Энэ бол их гүрний геополитикийн бодлого гэж ч хэлж болохоор үйлдэл юм. Асар их нөөцтэй нүүрсээ шатааж, эрчим хүч үйлдвэрлээд гадагшаа зарах нь манай улсад ашигтай харагдана л даа.
Гэтэл түүнээс хүлэмжийн хийн төлбөр төлөх асуудал бас гарч байна шүү дээ. Иймд Хятад руу экспортлох зориулалттай цахилгаан станцаас ялгарах хүлэмжийн хийг нь Хятадын талд бүртгүүлэх байр суурь баримтлах хэрэгтэй.
Эс бөгөөс шинээр барих цахилгаан станцыг нь нүүрсхүчлийн хийг нь тусгайд нь ялгаж авч хадгалдаг технологитойгоор бариулах хэрэгтэй. Нүүрсхүчлийн хийг газар дор хадгалдаг технологи нэвтэрсэн байна билээ.
Гэхдээ энэ бол их үнэтэй технологи. Цаашлаад нүүрсхүчлийн хийнээс шатахуун гаргаж авах туршилт хийж байгаа. Манайхан нүүрсний цахилгаан станц байгуулахдаа болгоомжтой, бодолтой хандах хэрэгтэйг сануулмаар байна.
Нүүрснийхээ нөөцийг ашиглах нь зайлшгүй л байх. Шатахуун, хий гаргаж авах талд илүү анхаарвал ямар вэ. Ингэвэл дэлхийн дулааралд нөлөөлөхгүй.
-Нүүрсээр ажилладаг цахилгаан станц нэмж баривал Монгол Улсын ялгаруулах хүлэмжийн хий нэмэгдэх нь. Манайх хэр хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг улс вэ?
-Манайх абсолют хэмжээгээрээ бол маш бага хүлэмжийн ялгаруулдаг. Харин нэг хүнд ногдох хүлэмжийн хийгээрээ дэлхийд нэгдүгээрт орно. Хахир хүйтэн өвлийг давахын тулд манайхан их хэмжээний нүүрс түлдэг. Цахилгаан станцууд, бага оврын уурын зуух, айл өрхүүд нүүрс түлж байна.
Манай улс хүлэмжийн хийгээ 2020 он хүртэл 14 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Чойрт, Цогтцэцийд салхин цахилгаан станц барих гэж байна. Мөн Эгийн голд усан цахилгаан станц барина. Цаашдаа Шүрэнгийн усан цахилгаан станцыг заавал барих шаардлагатай.
Хүлэмжийн хийг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчээ ашиглах нь чухал. Монголд нар, салхи, ус, газрын гүний дулаан, био энерги, цөмийн гэсэн 5-6 төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий. Эдгээрийг бүгдийг нь хослуулан хэрэглэвэл илүү амжилтад хүрэх болно.
Чихрийн нишингэ асар их хэмжээгээр тарьж хатаагаад, түүнийгээ шатааж энерги гаргаж авдаг технологи нэвтэрчихээд байгаа. Маш их газрын хөрсийг эвдэх учраас био энерги эрсдэлтэй. Харин нар, салхи, ус, цөмийн энергийг ашиглахад хамгийн тохиромжтой. Усан цахилгаан станц барихыг нийгмийн зарим бүлэг эсэргүүцдэг.
Гадагшаа урсаж гардаг голууд дээрээ борооны ус хуримтлуулах томоохон усан сангууд барих хэрэгтэй. 2040-2050 оноос ус дэлхийд маш үнэтэй болох төлөв харагдаж байна. Дэлхийн цэвэр усны нөөц хомсодсоор байна. Манай нутагт дэлхийн усны гурван үндсэн хагалбар оршдог.
Байгалийн энэ өгөгдлийг экологид сөрөг нөлөөгүйгээр хүн ардынхаа тусын тулд ашиглах хэрэгтэй. Усан сангаасаа говь руу ус шахаж болно. Усны менежментээ сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй юм. Үүний үр дүнд экологид ээлтэй, хөгжлийн шинэ боломж бүрдэнэ.
-Өндөр хөгжилтэй орнууд дэлхийг дулааруулахад их нөлөөлсөн гэж үздэгийг та хэлсэн. Хөгжих тусам дэлхий дулаарч байна. Гэтэл улс орон бүр хөгжихийг эрмэлздэг. Цэнхэр гаригийнхаа уур амьсгалыг өөрчлөхгүй гэвэл хөгжихгүй байх уу?
-Хаанаас даа. Хөгжлийн өөр арга зам сонгож болно. Хойд, өмнөд туйлын мөс дэлхийн халуун, хүйтний тэнцвэрийг хангадаг. Дунд нь дэлхийн “гал тогоо” хэмээгдэх халуун бүс оршдог. Хүйтэн туйлаас эквадор буюу хамгийн дулаан бүс рүүгээ дэлхийн агаар урсаж байдаг. Агаар хоёр талаасаа ирж мөргөлдөхөөрөө дээшээ өгсөөд, эргэж тойрог үүсгэн, буцаж доошоогоо урсдаг.
Үүнийг дэлхийн хур тунадас болон нүүрсхүчлийн хийн орчил урсгал гэж нэрлэдэг юм. Дэлхий дулаараад хоёр туйлын мөс хайлчихвал олон сая жилийн өмнө тогтсон экологийн дээрх тэнцвэрийг бий болгодог агаар мандлын ерөнхий орчил урсгалын тогтолцоо алдагдана.
Туйл хайлчихвал агаарын урсгалгүй болно. Салхигүй мөлийсөн, хачин бүгчим халуухан болно гэж төсөөлж болно. Ийм болбол байгалийн гамшиг ойр ойрхон, маш эрчимтэйгээр давтагдана. Байгалийн гамшгийн давтамж манайд эрчимжиж байгаа нь бүгдэд мэдрэгдэж байгаа шүү дээ.
Дэлхийн температур дунджаар 0.8 хэмээр дулаарсан бол манай орны уур амьсгал 1930-аад оноос хойш 2.1 хэмээр халсан. Дулаарлаас шалтгаалаад байгалийн “ааш” өөрчлөгдөж байна. Биднийг хүүхэд байхад бороо олон хоногоор зүсэрч ордог байлаа. Тэгэхээр хурын чийг газрын хөрсөнд гүн нэвчиж, ургамлын үндсийг нь тэтгэн, олон төрлийн сахлаг ургамал ургадаг байв.
Одоо богино хугацаанд асар их устай аадар ордог болсон. Ус нь газрын хөрсөнд шингэхгүй, үер болж байна. Хурын ус газрын хөрсөнд шингэхгүй болохоор ургамлын гарц армаг тармаг болж, зарим төрлийн өвс, цэцэг ургахаа болилоо. Ногоон био масс багасаж буй нь хүнс тэжээлийн хомсдолд орохын дохио юм.
Ер нь цөлжилт хурдацтай газар авах төлөвтэй боллоо. Өвөл, зун нь богино, хавар, намар нь урт болоод байгааг хүмүүс анзаарч буй байх. Уур амьсгалын өөрчлөлт нийгэм, эдийн засагт, хувь хүний, улс орны амьдралд шууд нөлөөлж байна. Тэгэхээр анхаарахгүй орхиж яавч болохгүй.
Энэ бол уур амьсгал өөрчлөгдөж байна гэж санаа зовон ярьж буй мэргэжилтнүүдэд тулгарсан бэрхшээл биш, улс орны хөгжил, хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой сорилт юм. Хөгжил гэдэг эцсийн дүндээ өндөр барилга биш, аливаа тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай хүн юм. Монголд олон сургууль дээд боловсрол олгож байна.
Хамгийн гол нь тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь чухал. Хүлэмжийн хийг бууруулахаас гадна бодитоор тулгараад буй дэлхийн дулааралд дасан зохицох гэдэг ойлголт бий болж байна. Аж ахуйгаа дулааралтай яаж уялдуулах вэ гэж боддог болж.
Бэлчээрийн мал аж ахуй, газар тариаланг дасан зохицуулах талаар судалгаа хийж байна. Манай “Эко Ази” дээд сургуулийн багш нар хамтраад “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” гэсэн гарын авлага гаргасан.
Газар тариалангийн салбарт л гэхэд чийг багатай хөрсөнд ургадаг, ганд тэсвэртэй сортын тариа, ногооны үр гаргаж авах, ууршдаггүй усалгааны технологи зохион бүтээх шаардлага тулгараад байгаа.
Цаашдаа манай эрдэмтэд нүүрсхүчлийн хийг ашиглах талаар шинэ инновац, арга туршлага судалж гаргах цаг болжээ. Эрдэмтэд эх орныхоо, эх дэлхийнхээ өмнө үүрэг хүлээх цаг ирээд байна.
-Озоны давхарга нөхөгдөөд бүтэн боллоо гэсэн мэдээлэл түгсэн байсан. Энэ үнэн үү?
-Нөхөгдөж дуусаагүй. Энэ талын үйл ажиллагааны үр дүн дөнгөж цухуйж байна. Озоныг задалдаг бодисыг 2030 он гэхэд өөр бодисоор орлуулах зорилтыг дэлхий нийтээр тавьсан байгаа. Зорилтоо амжилттай биелүүлбэл 2060-2070 он гэхэд озоны давхарга нөхөгдөнө гэсэн таамаглал бий.
Манай Озоны үндэсний алба озон задлах бодисыг багасгах ажлыг хариуцан хийж байна. Би сүүлийн 15 жилийн үйл ажиллагаагаа зөвхөн түүнд зориуллаа. Озон задалдаг бодис бүх төрлийн хөргөгч, хөлдөөгч, хөргүүрт бий. Эдгээр бодис агаарт алдагдахаар дээшээ дэгдэж, озоны давхаргыг цоолоод байгаа юм.
Озоны давхарга нарнаас ирж буй хэт ягаан туяаг нэвтрүүлэхгүй барьдаг. Энэ давхарга байхгүй бол нарны хэт ягаан туяа тусаж, хүний арьсыг түлнэ, өмөн үү үүснэ, дархлаа суларна. Бас нүдэнд цагаа унаж, болор цайрна.
Аймаар аюул занал учрах юм. 2010 онд озон задалдаг хлор фторт нүүрстөрөгч гэж бодисын импортыг Дэлхийн хамтын нийгэмлэг зогсоосон. Одоогоор гидро хлор фторт нүүрстөрөгч гэж бодисыг хөргөх үйл ажиллагаанд түр ашиглаж байгаа. Гэтэл энэ бодис нь озонд бага нөлөөтэй ч хүлэмжийн хийн нэг төрөл юм.
Үүнийг өөр бодисоор орлуулж, озоны давхаргаа хамгаалан, хүлэмжийн хийг бууруулах сорилт хүн төрөлхтөнд тулгарсан.
Ер нь явж явж хүмүүсийн хэтэрхий цамаан хэрэглээнээс болж, дэлхийн экологийн тэнцвэр алдагдаж байгааг ойлгох хэрэгтэй. Иймд хүмүүс элдэв тансаг, илүүдэл хэрэглээгээ ухаалаг болгон, эрүүл мэндээ хамгаалж, газар дэлхий дээрээ урт наслах талаар анхаарах хэрэгтэй.
-Байгаль орчноо хамгаалах талаар үргэлж ярьж, хэлж, зөвлөж байдгийг тань монголчууд мэднэ. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ямар ажил амжуулж байна вэ?
-Би эх байгалиа хамгаалах чиглэлээр гурав дөрвөн чиглэлийн албыг амжуулахаар өглөө бүр 7.30-д ажилдаа ирж, оройн 20 цагт гарч байна. Сүүлийн 15 жилийн туршид ийм хэмнэлээр ажиллалаа.
Юуны урьд хүн төрөлхтнийг хэт ягаан туяаны хөнөөлөөс хамгаалах бамбай болсон озоны давхаргыг хамгаалах дэлхийн хамтын ажиллагааны үйл хэргийг Монгол Улсдаа хэрэгжүүлж, өдөр тутмын ажлыг нь удирдан зохицуулж байна.
Мөн манай орны байгаль орчны үйл ажиллагаа, менежментийг хариуцан зохицуулдаг байгаль орчны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг “Эко Ази” дээд сургуулийг үүсгэн байгуулаад, удирдаж явна.
Өнөөдрийг хүртэл байгаль орчны чиглэлийн хүний нөөцийг 1000 гаруй мэргэжилтнээр бэхжүүллээ. Улс орны хөгжил дэвшилд ач холбогдолтой дэд бүтцийн олон төсөлд байгаль орчинд халгүйгээр хэрэгжүүлэх технологи, агуулга, зөвлөмж бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, эх орныхоо хөгжил дэвшилд тус нэмэр оруулж байна.
Зав чөлөөндөө мэргэжлийн чиглэлээр ном, сурах бичиг, гарын авлага бичиж, заримыг нь хянаад зав чөлөөгүй л явна. Хийх ажил их байна. Гэгээлэг сайхан ажил үйлсдээ үнэн сэтгэлээсээ зүтгэж, сэтгэл хангалуун амьдарч байна.
-Эх дэлхийгээ хамгаалах ариун үйлсэд зүтгэж байгаагаараа та бахархдаг уу?
-Өөрийн тухай ярих нь ч зохисгүй байх. Харин би хөгжмийн нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу сэтгэмжтэн, агуу их Жанцанноровтой нэгэн үед амьдарч байгаадаа бахархаж явдаг шүү. Урлаг, соёл бол уур амьсгалыг зөөлрүүлэх увидастай юм.
Т.ЭНХБАТ