Аварга махчин загасны сэрвээгээр хийсэн шөл тансаг хоолны цэсэнд ордог. Гэвч энэ хэрэглээний улмаас олон зуун мянган акул агнаж, зөвхөн сэрвээг нь авах гэж жилдээ 300.000 аварга загас хууль бусаар агнаж байгаад дургүйцэж буйгаа Бразилийн байгаль хамгаалагчид мэдэгдэв.
Зөвшөөрөл аваад агнаж байгаа тоо үүнээс хавьгүй их байгаа төдийгүй далайн эко системд аюулд учруулах хэмжээнд хүрсэн гэдгийг тус улсын байгаль хамгаалагч Кристиан Пачечо мэдэгджээ. Тэрбээр энэ бүхэнд Бразилийн загас агнуурын “Siglo do Comercio” компани буруутай хэмээн шууд хэлээд “Тус компани байгаль орчинд учруулсан хохирлоо нэн даруй барагдуулж, 790 сая доллар төлөх ёстой” гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Түүний нотолж байгаагаар аварга загасны сэрвээгээр хийсэн шөл Хятадад “моод” болж байгаа агаад баян чинээлэг гэдгээ нотлохын тулд “цэнхэр аваргын” сэрвээгээр хийсэн шөл захиалдаг зуршил Бээжинд бий болсон гэнэ. Байгаль хамгаалагчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл бодитой эсэх талаар “Siglo do Comercio” компанийн албаны хүмүүсээс лавлахад хариу өгөхөөс татгалзлаа гэж АР мэдээлэв.