Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад тус улсын Хамадан хотод өчигдөр халдлагад өртсөнийг Reuters уламжлав. Ерөнхийлөгчийн цуваа явж өнгөрөх үед гэмт этгээд гар аргаар хийсэн бөмбөг шидээд баригджээ. М.Ахмадинежад бэртээгүй ч хэд хэдэн ажилтан нь шархадсан байна. Ийм явдал болсны дараа Ерөнхийлөгч телевизийн шууд нэвтрүүлгээр үг хэлсэн ч халдлагын тухай дурсаагүй аж. Үүний өмнө 2005 онд Махмуд Ахмадинежад Систан-Белуджистан мужид халдлагад өртөж байжээ. Тэр үед Ерөнхийлөгчийн бие хамгаалагч амь үрэгдсэн байна. Гэвч Ираны засаг захиргаа энэ мэдээллийг албан ёсоор нотолж байгаагүй юм. Өчигдөр болсон халдлагыг сөрөг хүчин, Курдын босогчид зохион байгуулсан байж болзошгүй хэмээн Ираны шинжээчид үзжээ.