Афганистан дахь НАТО-гийн толгойлсон Олон улсын аюулгүй байдлын хүчний удирдлага тус орны зүүн хэсэгт болж буй цэргийн ажиллагаанд энгийн иргэд өртөж, амиа алдсаныг хүлээн зөвшөөрснийг AFP мэдээллээ. Өмнө нь тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай энгийн 26 иргэний үхлийн тухай мэдээлж, арга хэмжээ авахыг шаардаж байжээ.
Тус улсын Нангархар мужийн Кхогьяни хошууны захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр Накрхайл тосгоны ойролцоо болсон зэвсэгт мөргөлдөөнд 12, Хашимхайлд энгийн 14 иргэн амиа алдсан байна. Харин НАТО-гийн усан цэргийн дарга Грег Смит уг мөргөлдөөн Кхогьянид биш, зэргэлдээ хошуу Шерзадад болсон гэж мэдэгдээд мөргөлдөөнд нутгийн энгийн ард нэрвэгдсэн явдалд гүнээ харамсаж, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлжээ.