БНСУ-ын Засгийн газрын бүрэлдэхүүнд өчигдөр томоохон өөрчлөлт гарав. Тус улсын Ерөнхий сайд Чун Унхан өнгөрсөн сарын 29-нд огцорсон бөгөөд AFP агентлагийн мэдээлснээр, өчигдөр Боловсролын, Соёлын, Хөдөө аж ахуйн, Эдийн засгийн, Эрүүл мэндийн, Хөдөлмөрийн болон Онцгой хэргийн гэсэн долоон сайд албан тушаалаасаа нэг дор чөлөөлөгдсөн байна.
Харин Гадаад хэргийн, Батлан хамгаалахын, Нэгдлийн сайд нар яамдын удирдлагыг хоморголон өөрчилсөн эл явдлын гадна үлдэж чаджээ. Огцорсон сайд нарыг залгамжлагчдын нэрсийг өчигдөр зарласан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Менбак Кэнсан Намдо мужийн захирагчаар ажиллаж байсан Ким Тэхогийн нэрийг Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлжээ.
Ким Тэхо парламентын саналыг авч чадвал Ерөнхий сайдын албанд томилогдох юм. БНСУ-д хоёр долоо хоногийн өмнө парламентын нөхөн сонгууль болсноос хойш улс төрийн дээд төвшинд нь бужигнаан үүссэн байна.
Associated Press-ийн мэдээлснээр, тус сонгуульд Ерөнхийлөгчийн талыг баримтлагч “Нэг улс” нам ялжээ. Ерөнхий сайд асан Чун Унханы хувьд төрийн байгууллагуудыг Сөүлээс нүүлгэн шилжүүлэх санаачлагын эсрэг зогссоныхоо төлөө огцорсон гэж билээ.
Р.Энхцэцэг