Чилийн Засгийн газар уул уурхайн аюулгүй байдлын хяналт, шалгалтад хатуу анхаарах шаардлагатайг тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пинера мэдэгджээ. 30 гаруй уурхайчин гүний уурхайд дарагдаад зургаа хонож байгаа нь тус улсын эрх баригчид, холбогдох албаныхныг сандаргаад буй.
“Уурхайн ажлыг илүү аюулгүй болгохын тулд хуульд нэмэлт, өөрчлөлт яаралтай оруулах талаар бид ажиллаж байна” хэмээн С.Пинера өчигдөр хэлснийг “Bloomberg” дамжуулав. Чилийн Атакама мужийн “San Jose” зэс, алтны гүний уурхайн хоолойд энэ сарын 5-нд осол гарсны улмаас 30 гаруй ажилтан нурангид дарагдаад өдийг хүрч байгаа юм. Уг ордод үйл ажиллагаа явуулдаг “San Esteban” компанийн гүйцэтгэх захирал Педро Симоневик “Ослыг урьдчилан харах боломжгүй” хэмээн мэдэгдэж, ослын шалтгааныг тодорхойлохоор ажиллаж буйгаа учирлажээ.
“BHP Billiton” зэрэг томоохон компани аврах ажиллагаанд тус болж байгааг Чилийн Уул уурхайн сайд Лоуренс Гольборн мэдээлсэн байна. Түүнчлэн тус улсын Засгийн газар Перу, Канад, АНУ, Австрали зэрэг орноос туслалцаа авахаар ярилцаж байгааг тэрбээр онцолсон аж. Аврагчид нурангид өрөмдлөг хийж, уурхайн гүнд дарагдсан хүмүүст агаар, ус, хүнс оруулах ажил хийж байгааг Чилийн Онцгой байдлын алба болох “Onemi”-гийн төлөөлөгч мэдээлжээ. Чилийн уул уурхай болон геологийн алба болох “Sernageomin”-д бүтцийн өөрчлөлт хийж, осолд буруутай албаны хүмүүсийг олж шийтгэх хэрэгтэйг С.Пинера Засгийн газартаа анхааруулжээ.