Гвиней улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат ирэх сарын 19-нд болно гэж тус орны Сонгуулийн төв комиссын эх сурвалжид түшиглэн Ройтерс агентлаг мэдээллээ. Сонгуулийн энэ шатыг долдугаар сарын 18-нд явуулах байсныг тус комисс 9-нд шийдвэр гаргаж, тодорхой бус хугацаагаар хойшлуулсан юм.
Сонгуулийн эхний шатны санал хураалтын явцад 24 нэр дэвшигчээс гаргасан гомдлыг Дээд шүүх шийдвэрлэж амжихгүй тул ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан. Сонгуулийн комиссын үзсэнээр эхний шатанд сонгогчдын 39.72 хувийн саналаар Гвинейн Ерөнхий сайд асан, Ардчилсан хүчний тэргүүн Селлу Далейн Диалло ялсан байна. Тиймээс тэрбээр 20.6 хувийн санал авсан “Гвинейн нэгдэл” намын дарга Альфа Кондитой өрсөлдөх учиртай. Европын холбооны ажиглагчид эхний санал хураалтыг шударга болсон гэж үзсэн.
Энэ нь Гвиней улс Францын колони байхаа больж, тусгаар тогтнолоо олсон 1958 оноос хойших анхны чөлөөт сонгууль байв. Ардчилсан өөрчлөлтийг дэмжиж тайван жагсаал хийсэн хүмүүсийг армийн салбарыг оролцуулан хүчээр хөөн тараасны дараа Гвиней улс иргэний дайны босгон дээр очсон юм.
Тэр үед 150 хүн амь үрэгдсэн гэдэг. Үүнээс хэдэн долоо хоногийн дараа Цэргийн зөвлөлийн тэргүүн Муссу Дадис Камарагийн амь насанд халдахыг оролдсон ч бүтээгүй. Камарагийн халааг авсан генерал Секуба Конате үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, Төрийн тэргүүнийхээ сонгуулийг 2010 оны зургадугаар сард хийхээр товлож, тайван байдал тогтоож чаджээ. Гвиней бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс. Ерөнхийл өгч өө нууц санал хураалтаар долоон жилийн хугацаагаар сонгодог юм.
Р.Жаргалант