ОХУ-ын тариаланчид улаанбуудайн экспортоо ирэх жил хүртэл зогсоохоор шийдсэн Ерөнхий сайд В.Путины шийдвэрийг эсэргүүцэж байна. ОХУ-ын нийт гурилын 12 хувийг үйлдвэрлэдэг Алтайн хязгаарын үр тариа боловсруулах үйлдвэрийнхэн энэ хоригоор Орос улс дэлхийн зах зээл дээр нэр хүндээ алдана хэмээн эмээж байгаа аж. Алтайн хязгаарын тариаланчдын холбооны хэвлэл мэдээллийн албаны дарга А.Шапаров “Бид дөрвөн жилийн турш хөдөлмөрлөж байж гадаадын зах зээлийг эзэмшиж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар Индонез улстай улаанбуудай нийлүүлэх талаар гэрээ хэлэлцээ байгуулаад бараг дуусаж байтал Засгийн газраас ийм шийдвэр гаргалаа. Гурил тариа гэдэг зах дээр зардаг хувцас хунар биш. Арай ядан олж авсан зах зээлээ нэг алдчихвал эргүүлж авна гэдэг бараг бүтэхгүй” хэмээн ярьж байна. ОХУ нь Монгол, Афганистан, БНСУ, Израиль, Молдав, Тайланд, Тажикстан, Туркменистан зэрэг оронд улаанбуудай гаргадаг бөгөөд хэмжээ нь шалихгүй гэнэ.
Өнгөрсөн жил гэхэд л дөнгөж 387 мянган тонн үр тариа зарсан аж. Энэ жил ч ийм хэмжээний улаанбуудай зарлаа гэхэд нөөцийн тариагаар нөхөж болох гэнэ. Тийм болохоор ган гачигаар улаанбуудай хурааж чадахгүй байлаа ч ОХУ-д өлсгөлөн болох, тариаланчид дампуурах ямар нэгэн аюул байхгүй гэж тус холбооныхон үзэж байна. ОХУ-ын Үр тариа боловсруулах холбооны гишүүд Ерөнхий сайд В.Путинд хандан улаанбуудайны экспортыг хориглох шийдвэрээ цуцлахыг хүссэн захидал илгээжээ.
Тодруулга:
-Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин наймдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31 хүртэл улаанбуудай, эрдэнэшиш, гурилыг экспортод гаргахгүй байх шийдвэр гаргасан билээ. Энэ сарын 15 хүртэл хилээр гарах үр тарианд хяналт тавихгүй ч 16-наас эхлэн улаанбуудай зарах бүх гэрээ хүчингүй болно хэмээн зарласан юм. Судалгаагаар ОХУ 2010 онд 60 сая тонн буудай хурааж авах бололцоотой байгаа аж.
Хэдийгээр мэргэжилтнүүд доод тал нь 72 сая тонн ургац авна гэж найдаж байсан ч энэ жил ган гачиг болон Оросын бүх нутгийг хамарсан түймрийн улмаас ургацын хэмжээ эрс багасчээ. Одоогийн байдлаар 35 сая тонныг хураагаад байгаа ч гал түймрийн асуудлыг шийдэхгүй бол улам их хохирол амсаж мэдэхээр байна. Дашрамд дурдахад 2009 онд 97.1 сая тонн улаанбуудай хурааж байжээ. Дэлхийн банкнаас ч ОХУ-ыг улаанбуудайн экспортод тавих хоригоо цуцлахыг хүссэн байна.
С.Од