“Оросын хууль сахиулах байгууллагуудын нэрийг солих нь чухал болоод байгаа төдийгүй Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэ төслийн заалтыг ажил хэрэг болгох ёстой” гэж Ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна. Тухайн үеийн тогтолцооныхоо хамгийн шилдгийг нь өөртөө шингээсэн гэж хэлж боломгүй одоогийн цагдаагийн байгууллагыг мэргэжлийн, үр ашигтай байгууллага болгож өөрчлөхийг тэрбээр санал болголоо.
“Бид шинэ оронд, шинэ арга барилаар ажилладаг, төрийн байгууллаа ч шинэчилж байна. Ийм нөхцөлд байгууллага бүр маш тодорхой, оносон зөв нэртэй байх ёстой. Цагдан сэргийлэх байгууллагын ажилтнуудын үйл ажиллагаа хуулийн хүрээнд байх нь тэдний эсрэг гомдол гарахгүй байх нэг нөхцөл болохын зэрэгцээ тэд бас ямар эрх дархтай байдгийг хүмүүс ойлгоход тус болно” гэж Медведев хэлэв. Цагдан сэргийлэх байгууллагын тухай хуулийн төслийг өргөн хүрээнд авч хэлэлцэхийг тэрбээр ДЯЯ-ны ажилтнуудад уриаллаа.
Төслийг туйлаас нухацтай хэлэлцэж, маш ухаалаг саналуудыг түүнд нэмэрлэх ёстой хэмээн онцолжээ. Тэгэхдээ энэ төсөл нь зүгээр нэг цаас биш учраас түүний гол үзэл баримтлал нь хэвээр үлдэх учиртай. Гэлээ ч энэ нь түүнд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үг огт биш гэсэн байна. Шинэ хуулийн төслийг энэ сарын 7-ноос тусгай сайтад байрлуулж олон түмэнд толилуулсан юм.
Оросын олон нийт төслийг нэлээн өргөн хүрээнд шүүн тунгааж байна. Ялангуяа Цагдан сэргийлэх байгууллагын эрхийн тухай асуудал хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна. Иргэний бичиг баримтыг нь нягтлахын тулд гудамж талбай болон олон нийтийн газарт нэг хүртэл цагаар саатуулах эрхийг Цагдан сэргийлэх байгууллагын ажилтнуудад олгохоор тусгасан нь эргэлзээ төрүүлж буй юм. Хууль журам сахиулах байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн тавих хяналтыг хүчтэй болгох талаарх зүйл, заалтууд оросуудын санаанд ихээхэн нийцэж байна.