Оросын нефтийн ТНК-BP өөрийн охин компани болох Сибирийн “Новосибирскнефтегаз”- ыг зарахаар шийдэж, “Роснефть” болон “Газпром нефть” компанид санал тавин хэлэлцэж байгааг “РБК daily” сонинд мэдээлжээ. Хэлэлцээрийн өртөг ямар байхыг ТНК-ВР-ын удирдлага мэдэгдээгүй байна.
“Москва” банкны мэргэжилтэн Денис Борисовын үзэж буйгаар “Новосибирскнефтегаз” компани 600 саяас нэг тэрбум доллараар үнэлэгдэж болох аж. Мексикийн буланд далайн ёроолоос нефть олборлох ВР компанийн үйл ажиллагаанд өнгөрсөн дөрөвдүгээр сард осол гарснаас болж 11 хүн нас барж, нефть асгаран ус бохирдуулсан билээ. Гэмтлийг өнгөрсөн сарын 15-нд л зассан бөгөөд энэ хугацаанд 4.1-4.9 сая баррель нефть далайн усанд асгарсан гэх тооцоо бий.
Сэргээн босголтын ажилд ВР одоогоор 6.1 тэрбум доллар зарцуулсан тухайгаа мэдээлсэн бөгөөд ослоос болж тус компанийн зах зээлийн үнэлгээ ч огцом буураад буй. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газар 20 тэрбум долларын сан байгуулж, Мексикийн булангийн байгаль орчны бохирдлыг арилгахад зарцуулахыг ВР компаниас шаардаж байгаа юм. Энэ бүхнээс болж ВР-ийн ОХУ-тай хамтарсан компани болох ТНК-ВР салбаруудаа зарах болж байгааг РБК агентлаг онцолжээ.
Д.НАТАША