Албан тушаалаа ашиглаж төрийн ажлыг шамшигдуулсан, бохир мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж, эрэн сурвалжлагдаад буй Кыргызийн Ерөнхий сайд асан Игорь Чудиновыг баривчилсан тухай “Азаттык” радио нийтэд мэдээлжээ. Тус улсын Прокурорын төв газар И.Чудиновыг ОХУ-ын хөрөнгө оруулагчдын 300 сая долларыг завшсан гэж буруутгаад байгаа юм байна.
Чудинов өмнө нь Кыргызийн Эрчим хүчний яам болон Хөгжлийн сан, 2007-2009 онд тус улсын сайд нарын танхимыг тэргүүлж байсан бөгөөд өнгөрсөн хавар болсон төрийн эргэлтийн дараа эх орноосоо дайжсан аж. Албан бус эх сурвалжаар экс Ерөнхий сайд Арабын Эмират улс, Казахстан, Их Британид түр орогнож байсан гэнэ. 258 хүний аминд хүрч, Бишкек, Ош хот, Жалалабад мужийг хамарсан олон нийтийн бослогын гол буруутны тоонд Чудинов багтжээ.
Кыргызийн 18 дахь Ерөнхий сайд асан Чудинов ард түмний өмнө буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байжээ. Барууны хэвлэлүүд Ерөнхийлөгч асан Курманбек Бакиев, Игорь Чудинов нарыг Израилийн лалын бүлэглэлийн захиалгаар дэлхийн үнэт цаасны зах зээл дээр бохир мөнгө угаасан гэх таамаглалыг мөн дэвшүүлээд байгаа гэнэ. Юутай ч ард түмэндээ “улс төрийн гэмт хэрэгтнээр” цоллуулсан Бакиев болон түүний хамсаатнууд ирэх оны аравдугаар сарын 10-нд хийхээр товлосон ээлжит сонгуульд оролцохгүй гэдгээ “El Pais” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Х.ОДОНЧИМЭГ