Хуан Гуанюй
Америкийн “Foreign Policy” сэтгүүлийн газраас дэлхийн хамгийн нөлөөтэй хоригдлуудын жагсаалтыг нийтэлжээ. “Муу залуус”-ын чансааг хоёр жилийн өмнө авлигын хэргээр 14 жилийн ял сонссон, Хятадын тэрбумтан Хуан Гуанюй тэргүүлж байна.
Радио хүлээн авагчийн наймаагаар гараагаа эхэлж, Хятадын хамгийн том “Gome” компанийн захирлаар замналаа төгсгөсөн Хуан дөнгөж 41 настай. Хэдийгээр төмөр торны цаана байгаа ч тэрбээр компаниа удирдсаар байгаа бөгөөд Хуан байгаа тулдаа “Gome” компанийг худалдан авах гэсэн америкчуудын санаархал бүтэхгүй байгаа гэнэ.
Харин Хуан улс төрд ямар ч хамаагүй нэгэн. Хятадын Засгийн газар түүнийг удаан тэвчсэн ч авлигатай тэмцэх үндэсний бодлогын хүрээнд баривчлахаас өөр аргагүй болсон билээ.
Михаил Ходорковский
Аман хүзүүнд Оросын нефтийн “ЮКОС” компанийн захирал асан Михаил Ходорковский оржээ. Тус сэтгүүлийн газраас “Оросын нефтийн олигарх, эсэргүү улстөрч шоронд хоригдож байна гэдэг нь энэ оронд улс төр хэр ялзарсныг харуулж байна” хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины хамгийн том шүүмжлэгч тул үнэн хэрэгтээ авлига, хээл хахуулийн хэргээр биш улс төрийн өрсөлдөөний золиос болсон байх магадлалтай гэдгийг ч дурдахаа мартсангүй. Шоронд байгаа хэдий ч Ходорковский Кремлийн удирдлагыг шүүмжлэх боломжийг огтхон ч алдахгүй ашиглаж байгаа. Барууны ертөнцөд шинэ Орос орныг сурталчлан, ардчилсан гүрэн гэдгээ харуулахыг зорьж байгаа Ерөнхийлөгч Д.Медведевийн хувьд Ходорковский ёстой л толгойны өвчин болоод байна.
Абдель-Рахман
Тэдний ард давхиж яваа “хурдан хүлгүүд”-д лалын үндэсний үзэлт Омар АбдельРахман, Марван Баргути нар багтаж байна. Абдель-Рахман 1993 онд Нью-Йоркийн хоёр цамхгийг дэлбэлэх оролдлого хийсэн хэрэгтээ насаараа хоригдох ял аваад Америкийн шоронд сууж байгаа бол Баргути таван хүн алсныхаа төлөө Израилийн шүүхээс таван удаа бүх насаараа хоригдох ял сонсоод байгаа.
“Сохор шейх” нэрээр алдаршсан Абдель-Рахман 1980 онд Америкт Египетээс цагаачилжээ. Тэрбээр одоо ч алан хядагчдын дунд нэр нөлөөтэй хэвээр. Америкийн ямар ч шоронгоос нөхөдтэйгээ харилцаж чадна хэмээн сагсуурдаг хүн.
Марван Баргути
Марван Баргути 15 насандаа Палестины “Фатх” байгууллагад элсэн, Ясир Арафаттай эн зэрэгцэх нэр хүндтэй болоод байв. 1996 онд Палестины парламентад сонгогдож байсан. 2003 онд Палестины тал дангаар гал зогсоох хэлэлцээ хийхэд түүнийг шоронд гар утас хэрэглэхийг зөвшөөрч байв.
2007 онд Палестины эвслийн Засгийн газар байгуулагдахад ихээхэн нөлөө үзүүлсэн. Түүнийг “ХАМАС”, “ФАТХ” гэсэн сөргөлдөгч талуудыг нэгтгэж чадах улстөрч хэмээн нутагт нь үздэг ч Израиль түүнийг хэзээ ч суллахгүй гэж зарлаад байгаа.
Ан Сан СҮ Чжи
Нэр хүнд муутай энэ жагсаалтын тавд энхийн цагаан тагтаа гэж нэрлэхээр ганц хүн байгаа нь Мьянмарын сөрөг хүчний удирдагч эмэгтэй Ан Сан Сү Чжи юм. “Азийн Нельсон Мандела” хэмээн нэрлэгддэг тэрбээр 20 жил гэрийн хорионд байна. 1992 оны Нобелийн Энхтайваны шагналт.
Гадаад дотоодын зочдыг гэртээ хүлээн авахыг зөвшөөрд өг гэхээр аргагүй л дэлхийд хүндлэгдсэн улстөрч гэхээс өөр аргагүй. Япон, Английн булаан эзлэгчдээс эх орноо чөлөөлсөн үндэсний баатрын охин Ан 1990 онд сонгуульд ялсныхаа дараа генерал Тана Швегийн тушаалаар баригдан, өдий болтол нар, салхи үзээгүй явна.
Тана Шве генерал орчин үеийн диктаторын жагсаалтад БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир, Зимбабвегийн ерөнхийлөгч Мугабегийн дараа орсон зандалчин билээ.
М.Сугараа