“Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладены жолооч, тогоочийн албыг хашиж байсан Ибрагим аль-Косид Кубын Гуантанамо дахь АНУ-ын Цэргийн шүүх 14 жил хорих ял оноожээ. Суданы иргэн, 50 настай тэрбээр “Аль-Кайда”-гийн алан хядах үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж, мөн тус бүлэглэлийн гишүүдийг оргон зайлахад тусалж байснаа хүлээн зөвшөөрсөн аж.
AFR-ын мэдээлж буйгаар Америкийн цэргийнхэн 2001 онд Ибрагим аль-Косиг Афганистаны хил дээр баривчилж нэг жилийн дараа Гуантанамод хүргэсэн байна. Ибрагим аль-Коси лалын бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцоогүй гэж мөрдөн байцаалтын эхний үед мэдэгдэж байснаа дараа нь хэргээ хүлээж, тусгай албаныхантай хамтарч ажиллахаар тохиролцжээ.
Тэрбээр 1991 оноос бин Ладентай хамтран ажиллаж эхэлсэн аж. Чеченьд цэргийн үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа тэрбээр Тора-Бора ууланд орших “Жихадын од” хэмээх нууц цогцолборт Осама бин Ладентай хамт амьдарч байжээ. Түүнд оноосон ялын хугацаа 14 жил байх уу, нэмэх үү гэдгийг одоогоор бүрэн шийдээгүй байна.
Х.Одончимэ г