Хүчтэй аадар борооны улмаас үерт амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол өчигдөр Хятадад боллоо. Гань Су мужийн найман хот сууринг газрын хөрснөөс арчсан уг гамшиг долоо хоногийн өмнө болсон бөгөөд 1239 хүн амь насаа алдаж, 505 хүн сураггүй алга болон, 875 байшин сүйдэж, нийт тэрбум долларын хохирол учирчээ.
Уг гашуудлын үйл ажиллагаа Гань Су мужийн Ланьчжоу хотын захиргааны байранд орон нутгийн цагаар 10.00-д эхэлсэн бөгөөд нутгийн засаг захиргааны төлөөлөгчид, аврах багийн ажилтнууд, иргэд зэрэг 5000 гаруй хүн цугласан байна. Мөн Бээжин хот, дэлхийн бусад орнууд дахь дипломат төлөөлөгчийн газруудад төрийн тугаа бөхийлгөжээ.
Түүнчлэн орон даяар зугаа цэнгээний үйл ажиллагааг хориглож, бүх сонины ням гаригийн дугаарт эмгэнэл илэрхийлэн хар цагаан өнгөөр нийтэлсэн гэнэ. Хятадын заншлаар талийгаачийг өөд болсноос хойш долоо хоногийн дараа гашуудлын ёслол үйлддэг юм байна.
Х.ГЭРЭЛЖИН