Мексикийн Төрийн тэргүүнийг сонгуульд хууль бусаар ялсан гэж Кубын удирдагч асан Фидель Кастро мэдэгдэв. Кубын Коммунист намын төв хэвлэл “Granma” сонины өнгөрсөн пүрэв гаригийн дугаарт гарсан нийтлэлд тэрбээр ” Мексикийн Үндэний намаас нэр дэвшсэн Лопес Обрадор үнэн хэрэгтээ илүү олон санал авч ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч одоогийн Ерөнхийлөгч Фелипе Кальдероныг “Их гүрэн” (АНУ) энэ сэнтийд залах сонирхолтой байсан” гэжээ.
Үүний хариуд Мексикийн Гадаад явдлын яам эсэргүүцэл илэрхийлээд, Ф.Кастро Мексикийн ирээдүйн хөгжил цэцэглэлтийг үгүйсгэж, нийт ард түмний сонголтыг үл хүндэтгэсэн гэж үзсэн байна. Мөн Кубын ард түмэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэж чадах төрийн тэргүүнээ сонгох чөлөөт сонгуультай болоход итгэж байна хэмээсэн аж. Кубын “цогтой тэмцэгч” өмнө нь ч удаа дараа Мексикийн Ерөнхийлөгчийг “өдөөн хатгаж” байсан нь хоёр орны дипломат харилцаанд хагарал гарах шалтаг болж байлаа.
Мексикийн Ерөнхийлөгч асан Висенте Фоксыг АНУ-д найр тавьдаг гэж буруутган “Их гүрний зарц” хэмээн цоллож байсан удаа ч бий. Хатуу үгэнд гомдсон Мексикийн удирдагчид Кастрог ард түмнээ дарлан мөлждөг, хүний эрх, эрх чөлөөг доорд үздэг гэж НҮБ-ын ээлжит хуралдаан дээр “хов зөөж” байсан билээ.
Мөн Кастро Мексикийн Засгийн газрыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Мехикод хийх айлчлалыг хойшлуулахгүйн тулд тус оронд гахайн ханиад газар аваад байсныг дэлхий нийтээс нууж, худал мэдээлэл цацсан гэсэн мэдэгдэл хийж байв.
Улс төр судлаачдын таамаглаж буйгаар хоёр орны харилцаанд үүссэн хагарлын энэ шинэ шалтаг өмнө нь товлогдсон Кальдероны албан ёсны айлчлалыг хойшлуулж болзошгүй гэнэ.