БНСУ, АНУ өчигдөр Солонгосын хойгийн зүүн зүгт ”Ыльчи фрийдом гардиан” гэдэг ээлжит хамтарсан цэргийн сургуулилалт эхлүүллээ. Жил бүр болдог энэхүү сургууль хоёр орны аюулг үй байдлыг бэхжүүлэх, холбоотон улс орнуудын нэгдсэн зэвсэгт хүчний батлан хамгаалах чадварыг батжуулах зорилготой юм. Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх энэ удаагийн цэргийн сургуульд Америкийн 30 мянга, БНСУ-ын 36 мянган цэргийн алба хаагч оролцож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд БНСУ-ын 46 усан цэрэг бүхий “Чхонан” хөлөг живсэн.
Үүнээс үүдэж Солонгосын хойгт түвэгтэй байдал үүсээд буй үед энэ удаагийн хамтарсан цэргийн сургууль болж байна. Тэрхүү хөлөг онгоц Умард Солонгосын шумбагч онгоцны халдлагад өртөж сүйрсэн гэж Сөүл, Вашингтон баталж буй бол Пхеньян уг хэрэгт бид огт хамаагүй хэмээн нотолж, тэр бүхнийг холбоотон хоёр орны өдөөн хатгалга хэмээн няцаасаар буй юм.
Хамтарсан цэргийн сургуулийг Ардчилсан Солонгос нэн эмзгээр хүлээн авч, АНУ болон БНСУ-ыг “хамгийн хүнд байдал”-аар залхаан цээрлүүлэх болно гэж өнгөрсөн ням гаригт БНАСАУ-ын төлөөлөгчид мэдэгдлээ. Зөвхөн цэргүүдэд төдийгүй хоёр орны хүн амд “хайр найргүй цохилт” өгөх болно гэж Пхеньян албан ёсоор мэдэгдээд байна. Энэ сацуу БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Бак хоёр Солонгос нэгдэх явцад гарцаагүй үүсэх асар их хэмжээний зардлыг нөхөхөд ач тусаа өгөх учиртай татвар бий болгох санал дэвшүүллээ.
Тэрбээр Солонгосын хойгийг Японы колоничлогчдоос чөл өөлсний 65 жилийн ойг тохиолдуулан үг хэлэхдээ Умард, Өмнөд Солонгосын хооронд түгшүүртэй байдал нэмэгдэж байгаа ч эрт орой нэгэн цагт хоёр улс нэгдэх л болно хэмээн мэдэгдэв. Энэ чиглэлд тодорхой алхам хийх цаг нь болсон хэмээн тэрбээр үзэж буй юм байна. БНСУ-ын Ерөнхийлөгч хоёр Солонгосыг гурван үе шаттайгаар нэгтгэхийг санал болголоо.
Чингэхдээ эхлээд тус хоёр улс цөмийн зэвсгээс татгалзаж, Солонгосын хойгт энх тайвныг тогтоох ёстой ажээ. Дараа нь эдийн засгийг интеграцчилж, эцэст нь үндэсний нэгдлийн нийгэмлэг байгуулах ажээ. Эдийн засгийн хувьд сул дорой БНАСАУ-тай нэгдэхэд нь БНСУ-д даруй тэрбум гаруй доллар шаардлагатай гэсэн тооцоо ч буй ажээ. Пхеньян Ли Мен Бакийн саналд одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Бак өмнөд хөршөө өдөөн хатгахаа зогсоож, энхийн замыг сонгохыг Пхеньянд хандаж уриалав. Чингэхдээ тэрбээр Сөүл БНАСАУ-ын зүгээс хийх шинэ өдөөн хатгалгыг үл тэвчих болно гэдгээ ч мөн илэрхийллээ. БНСУ-ын хөлөг онгоц сүйрснээс болж Хойд, Өмнөд Солонгосын харилцаа асар муудаж, БНСУ БНАСАУ-тай хийх худалдааг зогсоож, БНСУын хөлөг онгоцны сүйрэлд Пхеньяныг буруутгасан мөрдөн шалгах комиссын илтгэл нийтлэгдсэний дараа болсон хэрэг явдалтай холбогдуулан албан ёсны уучлал гуйхыг Пхеньянаас шаардсан юм.
Тэнгисийн ёроолоос гаргаж ирсэн торпедын зарим эд анги Умард Солонгосын маркийнх байсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Энэ сарын 9-нд Умард Солонгосын цэргийнхэн Шар тэнгис дэх маргаантай усан хилээс холгүй орших өөрийн нутаг дэвсгэрийн усанд их буугаар 100 гаруй удаа буудсан тухай БНСУ-ын Батлан хамгаалахын яамнаас мөн мэдээлж байна.
БНСУ тухайн тэнгист өргөн цар хүрээтэй тэнгисийн цэргийн сургууль хийж байх үеэр тийнхүү бууджээ. Умард Солонгосын энэхүү үйл ажиллагаанд БНСУ-ын Батлан хамгаалах яам эрс дургүйцэж, дараа дараагийн тиймэрхүү өдөөн хатгалгад “хатуу” хариу өгөх болно хэмээн урьдчилан анхаарууллаа.
Б. Буянцог