ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев гурил, талх, сүү, махны үнийн өсөлтийг мөрдөн шалгах үүргийг Прокурорын газарт өгчээ. Энэ жилийн ган гачиг, их түймрийн улмаас ургац хураалтын явц муу байгаагаас үүдэн Орост үнийн хөөрөгдөл гарч байгааг таслан зогсоох зорилготой аж. Энэ ажлыг Ерөнхий сайд В.Путин хариуцан ажиллаж, тайлан тавих юм байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх яриа долдугаар сарын сүүлээс эхэлсэн ба Засгийн газраас улаанбуудайн экспортыг зогсоох шийдвэр гаргаснаар дамын наймаачид ихэссэн аж. ОХУ жилдээ 78 сая тонн улаанбуудай хэрэглэдэг ч энэ жил 60-65 сая тонн ургац хураах төлөвтэй байна. Ирэх жил гадаадаас үр тариа авч магадгүй гэсэн цуурхал үнийн өсөлтийг гааруулсаар байгаа гэнэ.
Одоогийн байдлаар Оросын бүх талхны үйлдвэрт үнийн шалгалт хийж эхэлсэн бөгөөд талхныхаа үнийг 20 хувь нэмсэн гурван үйлдвэрийг шүүхэд шилжүүлжээ. Хойд хөрш ард түмнээ үнийн хөөрөгдлөөс аврахаар шуурхай хөдөлж эхэллээ.
М.Сугараа