Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн явагддаг Нагоя хотын спортын ордны дэлгүүр, зуушийн газар болон тасалбар зарах цэгүүд өнгөрсөн сарын тэмцээнд эдийн засгийн хохирол хүлээсэн тул Сүмогийн холбооноос нөхөн төлбөр шаарджээ. Бооцоо, мөрийтэй тоглоомын хэргээр сүмочид нэр хүндээ унагааж, цолтой олон бөх барилдах эрхээ хасуулснаас үзэгчид Нагоя тэмцээнийг бараг үзээгүй гэнэ.
Тиймээс бөхчүүдээ хүмүүжүүлж чадаагүй Сүмогийн холбоо хариуцлага хүлээх ёстой хэмээн Японы Үйлдвэрчний эвлэлээс үзэж, хэрэв төлбөр төлөхгүй бол шүүхэд хандахаар бэлтгэж байна. Тэд сүүлийн жилүүдтэй харьцуулахад орлого гурав дахин багассан хэмээн мэдэгджээ. Зарагдаагүй тасалбарыг Сүмогийн холбоо худалдан авах болж байгаа ч одоогийн байдлаар эцсийн шийдвэрт хүрээгүй байна.