Өнгөрсөн даваа гаригт Филиппиний нийслэл Манилад Хонконгийн жуулчдын сууж явсан автобусыг барьцаалсан хэрэг гарч, найман хүн амь үрэгдсэн билээ. Филиппин улсын Үндэсний цагдаагийн газрын ерөнхий захирал Хесус Версос уг ноцтой хэргийг нарийвчлан шалгахыг шинжээчдэд үүрэг болгосон тухай “Philippine Daily Inquirer” сонин мэдээллээ.
“Хэргийн талаарх илтгэлийг эцэслэн хүлээж авахаас наана барьцаалагдсан автобусан дахь зорчигчдыг аврах ажиллагааг зөв, буруу явуулсан талаар шүүн хэлэлцэх бодолгүй байна” гэж тэрбээр мэдэгджээ. Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акино Шүүх яамны сайд болон төрийн тэргүүний хуулийн зөвлөх нарт аврах ажиллагааны үед цагдаа нар хэрхэн ажилласныг шалган тодруулах үүрэг өгсөн гэж хэлсэн байна.
”Хүмүүс амь үрэгдээд байхад хүчнийхэн сайн ажилласан гэж үзэж болохгүй шүү дээ” хэмээн тэр хэлсэн байна. Филиппиний тусгайгийнхны ажиллагаа эдүгээ автобусанд сууж явсан жуулчид төдийгүй олон нийт, шинжээчид хийгээд дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийнхний хурц шүүмжлэлд өртөөд байна. Тухайлбал, Францын тусгай хүчний командлагч Фредерик Галуа уг ажиллагааг “тааруухан бэлтгэсэн, эрсдэлтэй” хэмээн дүгнээд тэдэнд шаардлагатай сум хэрэгсэл, тактикийн соёл үгүйлэгдсэн гэж онцолжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам Филиппинд болсон эмгэнэлт хэргийг шүүмжилж, хятад иргэдийн аюулгүй байдлыг хангахыг тус улсын эрх баригчдаас шаардлаа. Хэрэг явдлын дараа Хонконгийн засаг захиргаа Филиппинийг жуулчдын хувьд “хар бүс” хэмээн зарлаж тийшээ аялал жуулчлалаар очихоос татгалзахыг иргэддээ хандаж уриалсан байна. Хэрэг явдал хэрхэн өрнөв? Филиппиний цагдаагийн ахмад асан, 55 настай Роландо Мендос тус улсын нийслэлийн төвд даваа гаригт 24 зорчигчтой (тэдний 20 нь Хонконгийн жуулчин байсан) автобус барьцаалжээ. Р.Мендос автомат, гар буугаар зэвсэглэсэн байжээ.
Гэмт этгээд өөрийгөө хуучин албанд нь буцаан ажиллуулах, өөрт нь холбогдуулан үүсгээд буй хэргийг хаахыг шаардсан аж. Автобус барьцаалснаас хойш гурван цагийн дараа тэрбээр уг автобуснаас есөн хүнийг гарч явахыг л зөвшөөрсөн байна. Гэвч төдөлгүй нөхцөл байдал хяналтаас гарч, тэрбээр буудаж эхэлсэн бөгөөд цагдаа нар ч хариу гал нээжээ. Р.Мендос цагдаагийн мэргэн буучийг шархдуулж, барьцаалсан хүмүүс рүүгээ гал нээж, өөрөө мэргэн буучийн суманд өртсөн байна. Ингэснээр найман хүн амь үрэгдэж, шархадсан долоон хүнийг Манилагийн эмнэлэгт хүргэжээ.
Б.БУЯНЦОГ