“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэж монголчууд ярьдагчлан “BHP Billiton” компани “Potash” корпорацийг “залгих” гэсэн биш өөрөө баларчээ. Дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох “BHP Billiton” кали, фосфор болон азотын бордоо үйлдвэрлэдэг “Potash” корпорацийн нэгж хувьцааг 130 доллараар үнэлэн нийт 39 тэрбум доллараар худалдаж авах саналаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор тавьсан юм.
Харин “Potash”-ийн удирдлага BHP-гийн санал болгож буй үнийн дүн хэтэрхий бага байгааг онцолж, хувьцаа эзэмшигчдэдээ гэнэдэхгүй байхыг зөвлөжээ. “Potash” корпорацийн гүйцэтгэх захирал Билл Дойл компаниа зарахыг үгүйсгээгүй ч BHP-д “залгиулах” хүсэл огтхон ч байхгүйгээ онцолсон аж. Шинжээчид ч мөн “Potash” корпорацийг “Vale”, эсвэл “Rio Tinto” худалдаж авах нь илүү тохиромжтой хэмээн үзэж буй.
Гэвч тэд BHP-гээс илүү санал тавьж чадах уу гэдэгт л асуудлын гол байгаа юм. Дээрх саналыг “Potash”-ийн хувьцаа эзэмшигчид зөвшөөрлөө ч 39 тэрбум долларыг “BHP Billiton” зээлээр л босгож авах юм. Энэ шалтгааны улмаас “Fitch Ratings” болон “Standard & Poor's” агентлаг тус компанийн зээлжих зэрэглэлийг эргэн харж болзошгүй хэмээн мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт BHP санал тавь сантай холбоотойгоор хувьцааных нь ханш огцом унажээ. Энэ сарын дунд үед 64 доллараас давж байсан BHP-гийн нэгж хувьцааны ханш өчигдрийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид 56 доллар болтлоо буурсан байв. Эдүгээ “BHP Billiton”-ы зах зээлийн нийт үнэлгээ 156.7 тэрбум доллар байна. Харин “Potash” корпорацийн хувьцаа эзэмшигчид сохорсон биш завшив гэгч болжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд 90-110 долларын хооронд хэлбэлзэж байсан хувьцааных нь ханш BHP-гийн саналын дараа огцом өсөж, 150 доллараас давсан нь сүүлийн хоёр жилийн дээд үзүүлэлт болов. Өчигдрийн байдлаар тус корпорацийн нэгж хувьцаа 150.2 доллараар арилжаалагдаж, зах зээлийн үнэлгээ нь 44.5 тэрбум долларт хүрээд байна.
Сүүлийн мэдээллээс үзэхэд “Potash”- ийг худалдаж авах саналаа мөн Хятадын төрийн өмчит “Sinochem” болон Бразилийн “Vale” тавьжээ. 1975 онд үүсэн байгуулагдсан “Potash” корпораци энэ оны эхний хагас жилийн байдлаар 921 сая долларын цэвэр ашигтай ажилласан байна.

Д.МӨНХЧИМЭГ