Сомали улсын нийслэл Могадишо хотод лалын шашинтнууд хууль сахиулах албаныхантай зэвсэгт мөргөлдөөн үүсгэсний улмаас 20 гаруй хүн амиа алдаж, 80 хүн гэмтэж бэртлээ.
Лалын ариун сар Рамадантай холбогдуулан төрийн удирдлага болон Африкийн холбоотой тэмцэж эхэлснээ уг хэрэг явдлын гол буруутан “Аш-Шабаб аль-мужахидин” бүлэглэлийн тэргүүн Али Махмуд Ражи мэдэгджээ.
Сомали улсад 1991 оноос эхэлсэн улс төрийн хагарал хурцдаж, олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар зөвхөн 2007 онд энгийн 20 мянга гаруй иргэн амь насаараа хохирон 1.5 сая хүн дүрвэсэн.
Одоо төр барьж буй Шейх Ахмедаар толгойлуулсан Засгийн газар нийслэлийн багахан хэсгийг л хянадаг бөгөөд Африкийн холбооны энхийг сахиулах хүчнийхэн ч уг мөргөлдөөнийг зогсоож чадахгүй байна.