
Нийслэлийн Байгаль орчны газар, “Технож бит” төрийн бус байгууллага, Финландын ФЛОМ байгууллагын төлөөлөгчийн газар хамтран “Гялгар уутнаас татгалзах өдөр” төсөл санаачилж, уриалга гаргалаа. Улаанбаатар хотын 380 мянган өрх өдөрт тус бүр нэг гялгар уут худалдан авч хэрэглэдэг гэвэл багадаа 38 сая төгрөгийг үүнд зарцуулдаг гэж болно. Гэтэл манай улс хаягдлаа дахин боловсруулдаггүй, хөрсөнд булдаг. Ингэснээр гялгар уут хөрсөнд 100-500 жил байж, ялзрахдаа химийн хортой бодис, хий ялгаруулж, амьтан, ургамлыг өвчлүүлдэг нь батлагдаад байгаа.
Уг төслийн зохицуулагч, нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Э.Золзаяа “Иргэдийн цамаан, хариуцлагагүй хэрэглээнээс болоод ус, агаар, хөрс маш их бохирдож байна. Тиймээс сардаа ядаж нэг өдөр гялгар уутнаас татгалзахыг уриалж байна. Нийслэлийн иргэд долоо хоногийн нэг өдөр автомашингүй байж сурсан учраас уг дадлыг хэвшүүлж чадна гэж найдаж байна. Гялгар уутыг хэрэглээнээсээ шууд хасах боломжгүй бол зузааныг нь авч, түүнийгээ 2-3 удаа хэрэглэх гэх мэт олон арга бий” гэв.