
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд том оврын автобус үйлчлүүлэхээр болжээ. Энэ тухай болон цаг үеийн зарим асуудлаар тус газрын олон нийттэй харилцах ажилтан Ж.Отгончимэгээс тодрууллаа.
-“Нарантуул” худалдааны төв рүү хэдэн автобус аль чиглэлээс үйлчилгээнд явах вэ?
-Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдрүүд буюу бямба, ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү том оврын автобуснууд үйлчилгээнд явж байна. Тодруулбал, Орбит, Нарангийн гол, Баянхошуу, Нисэх болон зуслангийн 11 цэгээс 10.00, 12.30, 15.00 цагт “Нарантуул” захын чиглэлд автобус иргэдэд үйлчлэх юм.
-Дээрх чиглэлээс автобуснууд “Нарантуул” зах руу шууд явах учир тасалбарын үнэд өөрчлөлт орох уу?
-Том хүн 1000, хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлнэ.
-Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврийн хүрэлцээ хангалттай байж чадах уу. Хэдэн автобус иргэдэд үйлчлэх вэ?
-Баярын өдрүүдэд автобусны тоог 10 хувиар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 86 чиглэлд том оврын 660 автобус, 15 микроавтобус, 529 такси иргэдэд үйлчлэх юм.
