
3 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 74 дахь өдөр бөгөөд он дуусахад 291 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 3 хэмийн дулаан бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 18, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2456.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.20, юань 356.00, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00-15.00 цагт Барилга хөгжлийн төвд "Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал,нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундах өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- УИХ-аар шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээж авах ажиллагаа 11.30 цагт Корперэйт Конвеншн Центрт болно.
- Сүрьеэгийн эмч мэргэжилтний улсын зөвлөгөөн МҮЭСТО-нд болно.
- “Корпорейт Конвеншн Центр”-ийн Хурлын танхимд 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Гамшгаас хамгаалах тухай хууль хүлээн авах ёслолын арга хэмжээнд оролцоно.
- 10.00 цагт Автотээврийн үндэсний төвийн хурлын танхимд Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
- 11.00 цагт Зууны мэдээ "Үндэсний мэдээллийн төв"-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг удам уламжлалын холбоо хамтран Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас HМХГ-ын хурлын танхимд Агаарын бохирдлыг бууруулах талаар ямар ажил хийгдсэн талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын хэрэглэгчийн өдөр тохиож байна.
- Мөн Палау улсын Залуучуудын өдөр тохиож байгаа аж.
- 1961 онд Өмнөд Африкийн улс Үндэсний хамтын нийгэмлэгээс гарсан.
- 1985 он анхны интернетийн домэйн нэр бүртгэгджээ. Тэр нь www.symbolics.com юм.
- 1986 онд Сингапурын "Шинэ дэлхий" зочид буудал нурж, 33 хүний амийг авч оджээ.
- 1990 онд Михаил Горбачев ЗХУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
- 2011 онд Сирийн иргэний дайн эхэлсэн.