
3 дугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 83 дахь өдөр бөгөөд он дуусахад 282 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 26, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2461.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 358.50, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт УИХ-ын дарга М.Энхболдод "Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-ийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд өргөн барина.
- НҮБ-н Хүүхдийн Сангийн санаачлагаар "Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд шинэлэг, бүтээлч шийдэл олох" төслийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ болох ХАКАТОН 16.00 цагаас МТҮПарк-н 302 тоот хурлын танхимд зохион байгуулагдана.
- Нийтийн тээврийн автобусан дахь бэлэн мөнгөний хайрцагийг хурааж, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн картаар зорчуулна. Энэ талаар 14.00 цагаас Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн удирдлага Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- Хэвлэлийн хүрээлэнгийн зургаадугаар чуулган 09.00 цагт “Пума 1” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
- 09.00-12.30 цагийн хооронд БОАЖЯ-ны Хаан танхимд “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал -2017” сэдэвт хурал болно.
- 14.00 цагт “Нийслэлийн Иргэний Танхим”-д “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
- 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчнийг үүсгэгч нянг тодорхойлсон тухайгаа Берлин хотноо Физиологийн нийгэмлэгийн хуралдаан дээр зарлажээ.
- 1984 оны энэ өдөр БНСУ-ын охидын алдарт хамтлаг болох 2NE1-ийн гишүүн Park Bom мэндэлжээ.
- 1999 онд Европын Альпийн нурууны Монт Бланк нүхэн гарцанд гал гарч, 39 хүн амь насаа алдаж байжээ.
- 2008 онд Бутан улс албан ёсоор ардчилсан засаглалтай болж, бүх нийтийн сонгуулийг явуулж байжээ.