
Нийтийн тээврийн төлбөрийн тогтолцоог цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор автобус, троллейбуснуудын бэлэн мөнгөний хайрцгийг хураан, маргаашнаас зөвхөн карттай иргэдийг зорчуулахаар болсонтой холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас өчигдөр мэдээлэл хийлээ.
Иргэд “Улаанбаатар смарт карт” компанийн картнаас гадна бүх төрлийн төлбөр тооцоо хийх зориулалттай, ХААН банкны “Сити пасс” карт, “Юнител”-ийн NFC сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой гэнэ. Мөн маргаашнаас бүх нийтийн тээврийн унаанд хянагч ажиллах аж. Хянагч нар зорчигч төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээвэрлэхгүй байх, торгох арга хэмжээ авах үүрэгтэй.
Дашрамд дурдахад, Замын цагдаагийн алба, нийслэлийн Тээврийн газар хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 200 автобусанд хөдөлгөөнт, хяналтын камер байрлуулжээ. Цаашид нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобусыг ийм камертай болгох юм байна.