Африкийн Уганда, Бурунди, Руанде, Кени, Танзани зэрэг улсад хуурамч эм их хэмжээгээр хадгалж байсныг хоёр сарын турш явуулсан шалгалтын дүнд тусгай албаныхан илрүүлжээ. Цагдаагийн ажилтнууд нийт 300 гаруй байр сууцыг нэгжсэний эцэст чанарын шаардлага хангаагүй 9072 кг урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, тариа, антибиотикийг хурааж устган мөн энэ хэрэгт хамаатай гэж сэжиглэгдэж байгаа 80 гаруй этгээдийг баривчилсан тухай CNN дамжууллаа.
Олон улсын хүмүүнлэгийн тусламжаар тус орнуудад тараагддаг чухал шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тариаг дамлан худалдаалах, мөн хуурамчаар үйлдвэрлэх бизнес Африкт нэлээд газар аваад байна. Үйлдвэрлэсэн компаниудын шошгыг дуурайлган хийсэн уг эмнүүдийн найрлагад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисууд орсныг мэргэжилтнүүд илрүүлсэн аж.
Мөн өндөр хөгжилтэй орнуудад худалдаанд гаргахыг хориглосон эмийг нутаг нэгтнүүддээ шахдаг хууль бус үйлдэл ч удаа дараа гарч байсан гэнэ. НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус орнуудын Засаг захиргааны төлөөл өгчидтэй хамтран энэ ажиллагааг таслан зогсоох талаар ирэх долоо хоногт чуулна.