
Налайхын автобусны эцсийн зогсоол нь “Бөмбөгөр” худалдааны төв байсныг 2015 онд “Дүнжингарав” болгон өөрчилсөн. Харин тус чиглэлийг энэ сарын 1-нээс “Налайх-Зүүн 4 зам-МУБИС” болгон дахин өөрчлөлт оруулжээ. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга Д.Галбадрахаас тодрууллаа.
-Налайхын автобусны чиглэлийг юуны учир өөрчлөх болов?
-Нийтийн тээврийн автобусыг богино зайд явуулж эхэлснээс хойш буюу 2015 оноос манайд Налайхын иргэд маш олон санал, хүсэлт, гомдол ирүүлсэн. Мөн тус дүүргийн ЗДТГ-аас ч хүсэлт ирсэн. Хамгийн сүүлд буюу энэ оны хоёрдугаар сард НИТХ-ын Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгч “Налайхын автобусны чиглэлийг өөрчилж өгөөч” гэсэн утга бүхий албан бичиг ирүүлсэн юм.
Иргэдийн эрэлтэд суурилсан судалгааг хоёр сар орчимд хийсний дүнд энэ сарын 1-нээс Налайхын автобусны чиглэлийг өөрчиллөө. Ингэснээр Налайхын иргэд МУБИС хүртэл явах боломжтой болсон. Уг чиглэлд “Морь барьдаг”, “Атибус” ХХК-ийн 22 автобус 06.30-22.30 цагийн хооронд 7-8 минутын зайтай зорчигчдод үйлчлэх юм.
-“Налайх-Городок” гэсэн чиглэлийн автобусны чиглэлийг бас өөрчилсөн үү?
-Уг чиглэлд өөрчлөлт ороогүй. “Дүнжингарав” хүртэл явдаг байсан, тэр хэвээрээ байгаа.
-Нийтийн тээврийг цахим картны системд шилжүүлж, автобуснуудын мөнгөний хайрцгийг авсан. Налайхын иргэд картаа уншуулчихаад зөрүү мөнгийг бэлнээр төлдөг байсан байх аа?
-Энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, оюутан зэрэг үнэгүй зорчих эрх бүхий хүмүүс картаа дарахад л болно. Тэд зөрүү мөнгө төлөхгүй. Сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхийн карт авсан бол зөрүү мөнгө мөн төлөхгүй. Харин сурагчийн буюу энгийн карттай нь тухайн хүрэх газартаа тохирсон төлбөрөө картнаасаа уншуулна. Хаашаа явахад хэдэн төгрөг байдгийг жолооч цахим картны машиндаа тохируулах юм.