
Улаанбаатар хотын гудамж, талбайг 1483 камер хянадаг. Элдэв хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй илрүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр суурилуулсан эдгээр камерын зарим нь ажилладаггүй, олонх нь чанар муутай. Тиймээс нийслэлийн Цагдаагийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас нийслэлийн ЗДТГ-тай хамтран хяналтын камеруудыг засаж, шинэчилж буй.
Өндөрлөг цэг дээр байрлуулсан камерын тусламжтайгаар халаасны хулгайч нарыг үйлдэл дээр нь илрүүлдэг болов. Мөн хотын гудамж дахь камеруудыг хянадаг нэгдсэн төвтэй болох ажлыг эхлүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран “Камержуулалт” болзолт уралдаан зарлалаа. Дүүрэг, хороо, СӨХ, хөршийн хяналтын бүлгүүд амьдарч буй орц, гудамж, хүүхдийн тоглоомын талбайг ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө телекамертай болгосноор болзолт уралдаанд оролцох эрхтэй болно. Гэхдээ дүрс бичлэгийн нягтрал сайтай камер суурилуулах шаардлагатай аж. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шилдгүүдийг 60 сая төгрөгөөр шагнах юм.