Улаан загалмайн нийгэмлэгийн БНСУ төлөөлөгчийн газар үер, усны гамшигт өртөгсдөд тусламж болгож БНАСАУ-д 8.4 сая доллар олгохоор болжээ. Өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-ын хөлөг онгоц живж, 46 далайчин амь үрэгдсэн хэргээс хойш Умард, Өмнөд Солонгосын харилцаа ихээхэн түвэгтэй болоод буй юм.
Чилийн инженерүүд газар дор байгаа уурхайчдыг аврахын тулд 700 м гүн цооног өрөмдөж эхэлжээ. Атакамын цөл дэх зэс, алт олборлодог уурхайд осол болсноос хойш 17 өдрийн дараа 33 хүн амьд байгааг олж мэдсэн. Тэд одоо 15 см-ийн өргөнтэй нүхээр гадаад ертөнцтэй холбоо барьж, уурхайчдад глюкоз болон бусад тэжээлийг өгч буй юм. Аврах ажиллагаа дөрвөн сар үргэлжилж магадгүй гэж үзэж байгаа аж.