ОХУ-ын Байгаль нуурын гүнийг судлах “Мир” аппарат алтан гулууз бололтой зүйлийг нуурын ёроолд илрүүллээ хэмээн хэвлэл мэдээллээр шуугиж байна.
Хэдийгээр судлаачид хэд хэдэн оролдлого хийсэн ч алтыг гаргаж авч чадаагүй аж. Өнгөрсөн жил Кругбайгалийн төмөр замын станцын ойролцоогоос иргэний дайны үеийн галт тэрэг олдсон билээ.
Нутгийн иргэдийн яриагаар 1920 онд Хаант засгийн алтны нөөцийг зөөж явсан галт тэрэг байж болох магадлал өндөр гэнэ. Адмирал Колчакийн алт ачсан галт тэрэг Байгаль далайд живсэн тухай яриа их байдаг бөгөөд эрдэмтэд, түүхчид жирийн нэг цуурхал хэмээн үзэж байсан юм.
“Мир” аппарат олон жилийн турш Колчакийн алтыг хайж байгаа бөгөөд зорьсондоо хүрэх тун дөхөж байгаа бололтой. Гэвч цаг агаар хүйтэрснээс энэ жил “Мир” аппарат дахин шумбалт хийхээ хойшлуулаад Калининградыг зорьсон байна.
С.ОД