Олон улсын валютын захад өдөр бүр дөрвөн их наяд доллар эргэлдэж байгааг “Bank for International Settlements” буюу BIS банкны судалгаа харууллаа.
Энэ нь АНУ-ын бүтэн жилийн төсвөөс давсан үзүүлэлт юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд олон улсын валютын захад хийгдэж буй гэрээ, хэлцлийн хэмжээ 20 хувиар нэмэгдсэн тухай BIS банк мэдээлэв. Ингэхдээ спот буюу шууд хэлцлийн захад 48 хувийн өсөлт гарчээ.
Валют арилжааны 37 хувь нь спот захад хийгддэг аж. Валют арилжааны гол зах зээл Лондон хэвээр үлдэж, гол тоглогчдоор Их Британийн банкууд тодорчээ.
Тодруулбал, нийт хэлцлийн 37 хувийг англи банкирууд хийж байна. АНУ-ын банкууд 18 хувиар удаалсан бол Япон зургаан хувиар гуравдугаарт жагсаж байна. Харин Сингапур, Хонконг, Швейцарийн банкуудад тус бүр тав орчим хувийн гүйлгээ ногдож байгаа аж.
Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд валютын зах зээл дэх нийт хэлэлцээрт эзлэх америк долларын хувь ялимгүй буурсан бол Японы иенийн нөлөө чамлахааргүй нэмэгджээ. 2001 оны байдлаар нийт эргэлтэд орсон валютын 90 хувь нь америк доллар байсан бол эдүгээ 85 хувьтай болсон байна.
Д.МӨНХЧИМЭГ