Оросуудын барьж ашиглалтад оруулахаар зэхэж буй “Өмнөдийн урсгал” хий дамжуулах хоолой Украины газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн хэмжээг 50 хувиар багасгах ёр зөгнөж байна. Энэ тухай Украины Түлш, эрчим хүчний сайд Юрий Бойко хэлснийг “Новый Регион” агентлаг дамжуулав.
ОХУ-ын эрх баригчид “Өмнөдийн урсгал” төслийг хэрэгжүүлэх бодлоосоо ухарч, урьдын адил Украинаар дамжуулан бүтээгдэхүүнээ тээвэрлэх хэрэгтэй гэж Юрий Бойко тэмдэглэжээ. Эдүгээ оросуудын Европт нийлүүлж буй түлшний 80 хувь нь тус улсын хий дамжуулах системээр дамжин өнгөрч байгаа юм.
Транзит тээврийн зардал хийгээд Украинд нийлүүлж буй байгалийн хийн үнэ өртгийн хувьд хоёр талын эрх баригчид жил бүр маргалдсаар өдийг хүрсэн билээ. ОХУ украинчуудыг царай алдахгүйн тулд “Өмнөдийн урсгал” төслөө боловсруулсан гэвэл буруудахгүй.
Харин Украины хувьд Оросын байгалийн хийг өөрийн газар нутгаар дамжуулан өнгөрөөх нь ашигтай байдаг. Аманд орсон шар тосоо тэд хэлээрээ түлхэхийг хүсэхгүй нь лавтай. Энэ оны хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ болон Европын орнуудыг багтаасан олон улсын консорциум байгуулах санал дэвшүүлж байв.
Ингэснээр Украины хий дамжуулах системийг шинэчилж, улмаар оросууд “Өмнөдийн урсгал”, “Умардын урсгал” төслөө хэрэгжүүлэх шаардлагагүй болно хэмээн тэрбээр онцолж байлаа. 2013 он гэхэд ашиглалтад орно хэмээн төлөвлөж буй “Өмнөдийн урсгал” хий дамжуулах хоолой нь оросууд байгалийн хий экспортлохдоо Украинаас хараат байхаа болих ганц гарц юм.
Хар тэнгисийн ёроолоор дамжин Болгарт хүрч, цааш хоёр салаалах энэ хоолой Грекээр дайран Итали, Сербиэр өртөөлж, Унгар, Австри улсад хүрэх ёстой. Уг хоолой жилдээ 47-63 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай байх аж.