Ойрхи Дорнодын энхийн асуудал ямагт дэлхий дахины анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Үүнд Дэлхийн II дайнаас хойш өөр хоорондоо сөргөлдөж буй Израиль. Палестины байр суурь, еврейн улс хийгээд Палестины автономийн явуулж буй бодлого, тэдний удирдагчдын хооронд болдог яриа хэлэлцээ ямагт чухал байдаг гэж хэлж болно. Тэгвэл талууд хорин сар хэртэй завсарласны эцэст өчигдөр нүүр тулан уулзаж эхэллээ.
Юутай ч Израиль, Палестины засаг захиргааны удирдагчид Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлаарх энэ удаагийн шууд хэлэлцээг тодорхой үр дүнд хүргэхийг эрмэлзэж байгаа нь тэдний урьдчилан хийсэн мэдэгдлээс харагдаж байна. “Израильчууд хийгээд палестинчуудын хооронд энхийг тогтоох нь манай гол зорилго. Мөргөлдөөнийг хазаарлан барихыг бид эрмэлзэж буй юм.
Алан хядах ажиллагаа байсхийгээд гарах тэр чөлөөний богино хугацааны тайван байдал бидэнд хэрэггүй” гэж Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху лхагва гаригт Цагаан ордонд болсон олон талт хэлэлцээний үеэр сэтгүүлчдэд хандан мэдэгдээд Палестины үндэсний автономийн тэргүүн Махмуд Аббасыг “энхийн зохицуулалтын түнш” хэмээн магтлаа. Хэвлэлийн бага хуралд Нетаньяху Аббас хоёроос гадна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак, Иорданы ван II Абдалла нар оролцсон юм.
Харин Палестины тэргүүн, Б.Обама өмнө нь Израиль, Палестин хоёрын мөргөлдөөнийг зохицуулах талаар энэ жилдээ багтаан хэлэлцэн тохирч чадна гэж мэдэгдсэнийг баталлаа. “Үүний төлөө бид бүх талаар хичээн ажиллах болно. Бид биеэ нөөхгүй. Энэ хэлэлцээг амжилттай болгохын тулд бид шургуу, шантрахгүйгээр ажиллах эрмэлзэлтэй байна” гэж Аббас хэлжээ.
Тэрбээр мөн палестинчууд шинэ төр улсынхаа бүрэлдэхүүнд оруулахыг хүсэж буй газарт еврейн суурингууд барихгүй байх, ХАМАС хөдөлгөөн хяналтаа тогтоогоод байгаа Газын зурвасыг бүслэн хаахаа зогсоохыг Израильд хандаж уриалав. Энэчлэн Иорданы ван II Абдалла нөхцөл байдлыг зохицуулахад туслахыг Обамад хандан хүсэж, Ойрхи Дорнодод энхийг тогтоох явцад зуучлагч, түнш АНУ-ын зүгээс үзүүлэх дэмжлэг чухал байгаа тухай мэдэгдлээ. ”Ноён ерөнхийлөгч өө, бид танд шударга түнш, эвлэрүүлэгчийн хувьд хандаж байна.
Ойрхи Дорнодод энхийг тогтоох итгэл найдвар маань дахиад талаар болбол түүнээс үүдэх хор хохирол асар их байх болно” гэж II Абдалла хэлжээ. Израиль палестинчуудын хоёр талын мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээг 1993 оноос долоон жилийн завсарлагатайгаар, 2000-2007 онд хоёрдугаар интифада буюу Палестины ардын бослого, зэвсэгт тэмцлийн үед бүтэн, хагас жил завсарлага аван хийж буй бөгөөд энэ оны тавдугаар сард дууссан хэлэлцээ АНУын зуучлалаар хийгдэж буй энэ удаагийн шууд бус хэлэлцээний эхлэл болсон билээ.
Хоёр тал наад зах нь тунхаглалын түвшинд хэлэлцэн тохирдог энхийн явц, 1967 онд болсон зургаан өдрийн дайны явцад Израиль улсын эзэлж авсан газар нутагт Палестины бие даасан, амьдрах чадвартай төр улсыг байгуулах зорилготой юм.
Гэхдээ “Хоёр улсын ард түмэнд зориулсан хоёр газар” гэдэг зөвлөлдөх томъёоллыг хэрэгжүүлэхэд завсрын олон цогоцолбор асуудлыг шийдвэрлэх шаардлагатай учраас тэдгээрийг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулсан байдаг. Үүнд байнгын хил хийгээд, Иерусалим хот, дүрвэгсдийн асуудал багтдаг. Эдгээр асуудлаар талууд өөр өөр, зарим тохиолдолд бүр эсрэг тэсрэг байр суурьтай байдаг юм.
Б.БУЯНЦОГ