АНУ-ын Мэрилэнд мужийн Сильвер-Спрингс хот дахь Discovery Communications компанийн байр луу гэмт этгээд дайран орж, гурван хүнийг барьцаалсан хэрэг өнгөрсөн лхагва гаригт гарсан билээ. Хэргийн газарт ажиллаж байсан тусгай албаныхан уг этгээдтэй утсаар холбогдож удтал ярилцаад тохиролцоонд хүрч чадаагүй байна. Эцэст нь мэргэн буудагч гэмт этгээдийг устгаж, барьцаалагдсан иргэдийг чөлөөлжээ.
Есдүгээр сарын 1-ний өдрийн 13.00 цагийн үед Discovery Communications компанийн байр луу гэмт этгээд дайран орсон тухай тус хотын цагдаагийн газарт мэдээлжээ. 180 гаруй оронд цацагдаж, 1.5 тэрбум хүнд мэдээллээ хүргэдэг томоохон телевизийн сувгийн төв байранд энэ хэрэг гарах үед нийт 1900 орчим ажилтан, ажиллагсад тэнд байсан аж. Цагдаагийн ажилтнуудад гэрчүүдийн мэдээлснээс үзэхэд гар буугаар зэвсэглэж, цүнх үүрсэн этгээд тус байгууллагын төв хаалгаар орсон байна.
Тэрбээр хий буудан үймээн дэгдээгээд, ойролцоо байсан гурван хүнийг барьцаалсан аж. Дуудлага авсан цагдаагийн ажилтнууд энэ үед ирж байшинг бүсэлсэн бөгөөд ойр орчмын байрнуудаас иргэдийг гаргаж, мөн гэмт этгээдийн хэн болохыг тогтоож амжжээ. “Үймээний эзэн” нь 45 настай Жеймс Ли гэгч агаад байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнд оролцогчдын нэг байлаа. Хууль сахиулах албаныхан тусгай төхөөрөмж ашиглан Жеймс Ли болон түүний барьцаалсан хүмүүсийн байгаа байрлалыг эхлээд тодорхойлсон байна.
Нэг дүгээр давхрын төв хонгилд байрласан түүнтэй цагдаагийн ажилтнууд утсаар холбогдож ямар зорилготойгоор иргэдийг барьцаалсан болохыг нь тодруулах гэж оролджээ. Цагдаагийн ахмад Пол Кларкс хэлэхдээ “Бүтэн цаг ярилцахдаа энэ хүнийг эрүүл ухаантай эсэхэд би эргэлзэж байлаа” гэжээ. Жеймс Ли “Хүн төрөлхтөн байгаль орчноо сүйтгэн, ан амьтдыг устган, эх дэлхийгээ мөхөөж байна. Discovery телевизийн суваг энэ талаар дэлхий нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж чадахгүй байгаа.
Ер нь хүмүүс шиг зэрлэг амьтан байхгүй. Би амьтдыг хамгаалах тухай хөтөлбөр зохиосон. Энэ санааг маань олон түмэнд хүргэхийг Discovery-ын удирдлагаас шаардаж байна ” хэмээн мэдэгдсэн аж. Энэ хугацаанд аюулгүйн албаны ажилтнууд дээд давхруудад байсан иргэдийг байшингаас гаргасан гэнэ. Мөн зэргэлдээ орших хүүхдийн цэцэрлэгээс 100 гаруй хүүхдийг аюулгүй газарт аваачжээ.
Компанийн харуул, хамгаалалтын ажилтнууд Жеймс Лигийн биедээ бэхэлсэн төмөр хайрцагт тэсрэх бодис байж болзошгүй тухай мэдээлснээр хэргийн газарт гал унтраах баг ч ирсэн байна. Асуудлыг хүний амь хохироолгүй шийдэхийг дөрвөн цагийн турш хичээсний эцэст цагдаагийнханд байр луу дайран орох, эсвэл гэмт этгээдийг устгах хоёр зам л үлдсэн байлаа.
Эрүүл эсэх нь эргэлзээтэй, зэвсэглэсэн Жеймс Ли гал нээж, эсвэл тэсрэх бодис ашиглаж хүний амь нас сүйтгэж магадгүй байсан тул мэргэн бууч зэргэлдээх байшингаас түүнийг буудаж хороосон. Азаар тэнд байсан хүмүүс болон цагдаагийн ажилтнууд бэртэж гэмтээгүй бөгөөд халдлагад өртсөн гурван иргэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Тус хотын аврах албаны дарга Кевин Фрейзерийн хэлснээр Жеймс Ли компанийн байранд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэнэ. Ийм учраас ойрын хэд хоног компанийн үйл ажиллагаа тасалдаж магадгүй байна.
ЖЕЙМС ЛИ ГЭЖ ХЭН БЭ
Discovery Channel-ын төлөөлөгч Дэвид Ливи энэ явдлын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд албан ёсны мэдэгдэл хийхдээ “Компанийн удирдах албаны хүмүүс Жеймс Ли-г мэднэ. Тэрбээр 2008 онд телевизийн удирдлагад хандсан мэдэгдлээ интернэтэд тавьж байсан. Мөн компанийн байрны өмнө жагсаал ч хийж байсан удаатай. Харин удирдлага түүний үгийг хүлээж аваагүй” гэлээ.
Дээр цухас дурдсан интернэт дэхь Жеймс Лигийн шаардлагын талаар тодруулъя. 1149 үгнээс бүтсэн энэ уриа маягийн зүйлд “Ан амьтад, ургамлыг төрөл зүйлээр нь хөнөөж байгаа хүмүүсийн тоог цөөлж, тэдний өсөн үржих нөхцөлийг Discovery Channel таслан зогсоох ёстой. Бидний хойч үе байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж, амьтдад хортой нөлөө үзүүлсээр байх болно.
Амьтны зулзагыг аварна гэдэг ариун үйлс, харин дэлхий хүнээр дутахгүй” гэсэн байжээ. Мөн тэрбээр 2008 онд нэгэн хөдөлгөөн зохион байгуулж, хэдэн нөхдийн хамт тус телевизийн байрны өмнө удаа дараа жагсаал хийсэн учир цагдаагийн газар болон сэтгэцийн эмгэг судлалын төв хяналтандаа аваад байсан аж. Түүнчлэн Жеймс Ли эмч нарын зөвшөөрөлгүйгээр хотоос гарах эрхгүй байсан байна.
Дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг экологийн тулгамдсан асуудлыг хүний амиар сольж шийднэ гэсэн түүний үзэл шашин болон хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудыг ч гайхашруулж байжээ. Мөн олон хүүхэдтэй айлын аж амьдралыг харуулсан нэвтрүүлгүүдийг тэрбээр буруушаан “хүүхдүүд бол шимэгчид” хэмээн эгдүүцсэн удаатай гэнэ. Дэлхийн хүн амын тоог багасгаж байж цэнхэр гаригаа аврахын төлөөх түүний “цогтой тэмцэл” ийнхүү эмгэнэлтэй дууслаа.
Х.ОДОНЧИМЭГ