Индонезийн зарим овгийнхон тамхи татахыг өвөг дээдсийн уламжлал хэмээж хүүхэд хөгшидгүй хэрэглэх нь элбэг. Өдгөө хоёр настай Арди Ризал хүү ч уламжлалт ёсоо даган тамхи татдаг.
Тэрбээр өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг тухай дэлхийн хэвлэлээр нэг хэсэг шуугисан. Энэ нь түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь мэдээж.
Хүү тамхи татахгүй бол толгой нь өвдөж, уурладаг нь никотины нөлөө гэнэ. Тэгвэл түүнийг хорт зуршлаас нь салгахаар хүүхдийн сэтгэлзүйч ажиллаж эхэлжээ. Суматр арлын бяцхан тамхичны аав нь хүүгээ ой хагастай байхад нь тамхиар дайлснаас хойш ийнхүү архагшсан аж. Ардийг тамхинаас гаргахаар олон янзын арга хэрэглэж, эмчилгээнд хамруулсан ч нааштай үр дүн гараагүй учраас энэ удаа сэтгэл зүйн эмчилгээ хийхээр болжээ.
“Тамхинаас холдуулахын тулд хүүг байнга завгүй байлгаж, янз бүрийн тоглоом наадгайгаар зугаацуулах хэрэгтэй нь хэд хоногийн туршилтаар ажиглагдсан” гэж мэргэжилтнүүд ярьж, сэтгэл зүйн эмчилгээгээр Арди тамхинаас гарна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Э.Хана