Лалын ертөнцөд одоо Рамаданы гэгээн сар болж байна. Өнгөцхөн харахад жил болгон болдог жирийн нэгэн явдал мэт боловч лалын шашинт тамирчдын хувьд энэ нь тэсвэр хатуужил шалгасан сар болох нь олонтаа. Рамадан сарын үеэр үүрийн жингээс эхлээд нар жаргатал хоол унд хэрэглэж болохгүй хуультай. “Амьд бие махбодь өлсөх үеэр хэрхэн зовдгийг бурхны шавь нар өөрийн бие дээр мэдрэх учиртай.
Ингэснээр бусад амьтны зовлон, шаналлыг мэдэрч, хайрлах болно” гэж Коран сударт заажээ. Тиймээс шүтлэгтэй тамирчдын хувьд хоосон ходоодтой бэлтгэл хийх үү, эс бөгөөс бэлтгэл сургууль, тэмцээн уралдаанаа хаян, спортын карьераа “будаа” болгох уу гэсэн сонголт байнга гарч ирж байдаг.
Лалын орнуудад энэ үеэр спортын том тэмцээн уралдаан зохион байгуулдаггүй бол бусад оронд энэ талаар огтхон ч тоодоггүй. Лалын шашинтны төв зөвлөлөөс Рамаданы өмнөхөн Египетийн “Аль-Азхар” их сургуульд хандан тамирчид яавал дээр вэ гэдэг талаар зөвлөгөө хүсчээ.
“Аль-Азхар” бол лалын ертөнцийн онол сургалтын хамгийн том төв юм. Тус сургуулиас хэрэв тухайн тамирчны гэрээнд тэмцээн уралдаанд заавал оролцох заалт байвал мацаг барихгүй байж болно гэсэн шийдвэр гаргажээ. “Хэрэв хөлбөмбөг тухайн лалын шашинтны амьдралын цорын ганц орлого олох зүйл байгаад, мацаг барьвал түүний биеийн байдал, формд муу нөлөө үзүүлэхээр байвал Рамадан сарын үед ч хоол унд хэрэглэж болно” гэж эрдэмтэн багш нар үзсэн байна.
Яагаад тэд энэ асуудлыг онцлон авч үзэх болсон бэ гэвэл гадаадад байгаа лалын шашинт тамирчид мацаг барьснаасаа болж хэлмэгдэх явдал гарч эхэлсэн аж. Германы хоёрдугаар лигийн “Фрайбург” баг Рамадан сараар мацаг барин хоол унд идээгүйгээс болж сульдан, муу тоглож эхэллээ хэмээн гурван хөлбөмбөгчөө торгосон байна.
Лалын шашинтны төв зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мазек тоглолтгүй өдөр л мацаг барьснаар хөлбөмбөгчид үүргээ биелүүллээ гэж үзэж болно, манай шашин биеийн тамир, эрүүл мэндэд ихээхэн анхаардаг хэмээн ярьж байна. Энэ жилийн Рамадан есдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Рамаданы үед барих мацгаас болж, Арабын хэд хэдэн орон ОУОХнд хандан, 2012 оны Лондоны олимпийн явагдах хугацааг өөрчилж өгөхийг хүссэн билээ.
2012 онд Рамадан долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх бол Лондоны олимп долдугаар сарын 27-нд эхлээд наймдугаар сарын 12-нд өндөрлөнө. Бараг зэрэг болно гэсэн үг.
Тиймээс лалын ертөнцөд Лондонд хоол ундны дэглэм барьсан араб тамирчид өрсөлдөгчөө ялж чадахгүй хэмээн айж байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг шийдэж болно гэж лалын шашин судлаачид үзэж байна. Рамаданы үеэр лалын шашны ариун газар луу аялдаг ёстой байсан бөгөөд мэдээж хэрэг амьдрах газраасаа шалтгаалаад туулах зам ялгаатай. Тиймээс Мекка хүртэл 90 км зам туулсан шүтлэгтэн хэрэв бие махбодь нь даахгүй байвал мацгаа өөр үед шилжүүлж болдог байж.
Гэхдээ хэрэв хүндрэл байхгүй бол мацаг барих ёстой гэнэ. Харин тамирчид тэмцээнтэй өдөр хоол унд идэж болох ч мацаг барихаа хойшлуулж болохгүй. Хэрэв хугацааг нь урагшлуулж, хойшлуулбал том нүгэлд унах гэнэ. Лалын шашинт олон тамирчин Рамаданы үеэр ч бэлтгэл сургуулиа хийсээр байдаг. Тэд ядрахгүйн тулд өглөө бэлтгэл хийдэг ч дасгалжуулагч нар өглөө эрт гүйж харайх нь биед муу хэмээн нотолж байна. Бэлтгэл хийсний дараа хүний бие махбодид нүүрстөрөгч, эрч хүч хэрэгтэй байдаг бол өдөржингөө хоол идэж болохгүй тул бие сэргэлт авдаггүй. Ингэснээр хүн хүч чадлаа алдан, сульдаж эхэлдэг байна.
Хэрэв шашиндаа үнэнч тамирчин бэлтгэл сургуулилалтаа хийгээд л байвал багш нар хүчээр болиулах хэрэгтэй гэнэ. Ус, кальци зэрэг чухал бодис биед орж ирэхгүйгээс болж зүрхэнд маш их ачаалал ирдэг аж.
Мацаг барьсан хүн жин хасдгийг бүгд мэднэ. Чөлөөт бөх, бокс зэрэг жингийн ялгаатай спортын тамирчид үүнээс болж ихэд зовдог. Тиймээс ч тэд өдөрт тав хооллодог хэвээрээ ч хоол идэх цагаа өөрчилдөг аж.
Гэхдээ энд бас ухаантай хандахгүй бол болохгүй. Бүтэн өдөржингөө хоосон байх болохоор өглөө илчлэг сайтай хоол идэх ёстой. Нар жаргасны дараа шууд хоол руу дайрвал биед бас муу.
Тиймээс эхлээд хөнгөхөн зууш идээд 30 минутын дараа жинхэнэ хоолондоо орвол дээр гэж эмч нар зөвлөж байна. Гэхдээ хэчнээн хоол унд идэхийг зөвшөөрлөө гээд лалын шашинт тамирчдын амьдрал хэцүү хэвээр байна. Ядаж байхад ямар спортын ямар зэрэгтэй тамирчин яаж мацаг барих ёстой зэрэг хууль дүрэм гараагүй цагт шашин нэгтнээсээ эмээсэн тамирчид мацгаа үргэлжлүүлсээр байх болно.
Манай оронд ч лалын шашинт тамирчин олон бий. Тэд маань яаж зохицуулж, тэмцээн уралдаанд ордог юм бол доо. Мохаммед Али, Майк Тайсон, Франк Рибери, Зинедин Зидан, Николь Анелька зэрэг олон алдартай лалын шүтлэгтэн байдаг ч Рамадан сараас болоод тэдэн шиг болж чадаагүй тамирчин хэд байгааг бурхан л мэдэх биз ээ.

М.Сугараа