Ус судлалын олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн усны долоо хоног” өнгөрсөн ням гаригт Стокгольм хотод нээлтээ хийлээ.
Улстөрчид, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, ус судлалын мэргэжилтнүүдээс бүрдсэн 2000 гаруй хүн оролцож байгаа уг арга хэмжээ энэ сарын 11-нд өндөрлөнө. Энэ удаагийн уулзалтаар цэвэр усны нөөцийн хуваарилалт, усны бохирдолт болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор уршиг зэрэг тулгамдсан асуудлыг авч хэлэлцэх юм.
Мөн хурлын үеэр АНУ-ын Мэриленд муж дахь Жон Хопкинсын их сургуулийн харьяа Эрүүл мэнд хамгааллын сургуулийн профессор Рита Колвеллэд ус судлалын салбарт амжилт гаргасных нь төлөө Шведийн үндэсний сангийн шагнал гардуулах аж.