“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь соёлын биет бус өв, угсаатны бүлгүүдийн өвөрмөц онцлогийг гадаад, дотоодын аялагчдад таниулж, аялал жуулчлал болон эдийн засгийг дэмжих зорилготой юм. Уг фестивалийг отог хэлбэрээр зохион байгуулж, аймаг, нийслэлийн 1100 гаруй өвлөн уламжлагч өөрсдийн соёлын онцлогийг олон нийтэд түгээв. Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 250 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 5000 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцлоо.
Энэ үеэр соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулав. Тухайлбал, БНСУ-ын Өмнөд Чунчон аймгийн Сочоны ардын урлагийн хамтлагийнхан тоглолтоо толилуулсан бол Туркменистан болон ОХУ-ын Буриад Улсаас оролцогчид өөрсдийн өв соёлыг таниулах язгуур урлагаар мэндчилсэн юм.
Байгалийн болон сав, шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйлийн өргөөнд хүүхэд, багачуудад соёлын биет бус өв гэж юу болох, үүнийг хэрхэн хадгалж, хамгаалж хойч үедээ өвлүүлэх талаар сонирхолтой аргаар мэдээлэл хүргэж байлаа. Түүнчлэн Монголын шувуулахуйн холбооныхон үндэсний бахархалт идлэг шонхор болон шувуучлахуйн өвд багтдаг бусад махчин шувууны онцлог шинж, амьдралын хэв маягийг нийтэд таниулав. Харин Монгол банхар судлалын холбооныхон нүүдэлчдийн аж амьдралын салшгүй нэгэн хэсэг болох монгол нохдын зан ааш, онцлогийн талаар хуучлах аж. Үүнээс гадна Монгол Улсын гурван сая дахь иргэн болох Х.Монголжин охин Өмнөговь аймгаа төлөөлөн оролцож, говь нутгийнхаа соёлыг олонд түгээсэн нь эл наадмын нэг чимэг байв. Мөн 1000 дроны шоу хийж, монгол төрийн далбаа, газрын зураг, таван хошуу мал зэрэг нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог, өв соёлыг таниулахуйц өргөн утга агуулгыг хамтатган хүргэсэн нь олны сэтгэлд нийцэв.
Судалгаагаар манай улсад зочилж буй гадаадын жуулчдын 28 хувь нь нүүдлийн соёлыг сонирхдог нь энэхүү фестиваль зөвхөн өв соёлоор хязгаарлагдахгүй, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтойг харуулж буй юм.
Э.Сүйлэн