Уран бүтээлч Ж.Мөнхжаргал, А.Баярмагнай нар “Цаг уурын тойм” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг хүртэл толилуулах нь.
Уран бүтээлчид байгаль, нийгэм, хувь хүний сэтгэл зүйн өөрчлөлт, цаг хугацааны урсгал дунд үүсэх “уур амьсгал”-ыг өөр өөрийн өвөрмөц хэлээр илэрхийлсэн 20 орчим бүтээлийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй юм. Мөн Орос, Украины дайны сэдвийг хөндсөн цуврал зургууд ч тэнд бий.
“Цаг уурын тойм” үзэсгэлэнд дэлгэсэн зураг бүр олон арван үйл явдлаас бүрдэх бөгөөд тухайн зураачийн дэвшүүлж буй гол үзэл санааг тойрсон хэдэн зуун зохиомж ямагт давтагдалгүйгээр оршин буйгаараа онцлогтой гэнэ. Аль нэг захаас нь хөөж байж эцсийн хариултыг нь гарган авдаг математикийн бодлого, эсвэл ганц үзүүрээс цааш хөврөх домог үлгэрийн чуулбар, дотроо орчихдог орос модон хүүхэлдэйний адил нууц нь гол хавтгайнхаа тэг дунд, эсвээс аль нэг буланд нь ч байх магадлалтайг уран бүтээлчид тодотгож байна.
У.Цэцэг